Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийн инфографикийг гаргажээ. Манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гарчээ.

2017 оны “Настан ба эрүүл мэнд” дэд төслийн хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан ахмад настны 85.5 хувь нь үндсэн болон дагалдах хэд хэдэн өвчтэй гэж гарчээ. Үүнд: Судалгаанд оролцогсдын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин 43.2%, хоол боловсруулах эрхтнийх 13.7%, яс, булчингийн тогтолцооны болон холбох нэхдэсийнх 8.6%, шээс, бэлгийн тогтолцооны өвчин 6.7%, амьсгалын тогтолцооны өвчин 5.3% эзэлж байгаа аж.

Мөн тэдний 80 гаруй хувь нь сэтгэл санааны байнгын ба байнгын бус шаналгаатай, 20.3 хувь нь сэтгэлээр унасан, 17.4 хувь нь ганцаардалттай гэсэн үр дүн гарчээ. Геронтологийн үндэсний төвөөс “Улаанбаатар хотын ахмад настан хүн амын дундах эрүүл мэндийн тавдугаар бүлгийн ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжийн байдал” нэртэй судалгааны дүнгээс үзэхэд хэвтэрт байгаа ахмад настны 27.2% нь тархины цус харвалт, 13.5%, цусны даралт ихсэх өвчин, 12.0% бэртэл гэмтэл, 11.0% зүрхний эмгэг, 10.0% хорт хавдрын улмаас хэвтэрт байгаа юм байна.

“Ахмад настны эрүүл мэндийн боловсрол” судалгаанаас үзэхэд ахмад настнуудын 72.0% нь өрх, сумын эмчтэйгээ байнга холбоотой байж үзүүлдэг боловч 60.1% нь зөвхөн өвдсөн үедээ очиж зөвлөгөө авдаг, 27.3% нь эмийг өөрсдөө дур мэдэж хэрэглэдэг, таван настан тутмын нэг нь архи уудаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Монгол хүний дундаж наслалт 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 69.89 хүрч, энэ үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс 5-6 насаар өссөн байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,8 эрэгтэйчүүдийнх 66,02 байгаа буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 9 жилээр урт насалж байгаа юм.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн