Нэгэн мэргэжилтний санамсар болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж, “ДЦС-4”-ийн турбинууд саяхан унтарсан. Монголдоо хамгийн том станцын “зүрх” зогсоход бусад жижгийнх нь дагаад доголдлоо. Ингээд Улаанбаатар хотын 70 хувь, таван аймаг цахилгаангүй болж, таг харанхуй суув. Цайгаа чанаж ууж чадахаа больж, хий дэмий тааз ширтэн хэвтсэн хүмүүс “Амьдрал эрчим хүчин дээр тогтдог юм байна” гэсэн хоржоонтой үг нийгмийн сүлжээгээр дайсан.
Нэг хүний алдаа нийт хотыг харанхуй болгож байна гэхээр эрчим хүчний систем ямаршуухан эмзэг болох нь тодорхой. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн дутагдалд ороод гэрэл унтарсан хэрэг энэ биш. Тоног төхөөрөмжийн эвдрэл ч биш. Инженерийн ажлын алдаа.
Гэхдээ эрчим хүчний дутагдалд орох нөхцөл хаяа руу ойртсоор л байна. Манай эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт. Тэгвэл хэрэглээ өнгөрсөн өвөл оргил ачааллын үед 1081 МВт-д хүрчээ. Тэгэхээр суурилагдсан хүчин чадлын 11 хувийн нөөц л цаана нь үлдсэн гэсэн үг. Уг нь эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд хүчин чадлын 20 хувийн нөөцтэй байх шаардлагатай гэдэг. Аюул ойрхон байгааг хүчин чадлын нөөц тогтсон стандартаас багассанаас харж болно.
Манай улс ОХУ-аас 200, БНХАУ-аас 100 гаруй МВт эрчим хүч авдаг. Тэгэхээр төвийн болон баруун бүсийн эрчим хүчний систем хойд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилладаг “Оюутолгой” компани өмнөд хөршөөс бүрэн хараат юм. ОХУ манайд нийлүүлдэг эрчим хүчээ таслахад л төв болон баруун бүсийн олон аймаг “сохорно”. Оросууд цахилгаан таслан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийнхан долоо хоног харанхуй суух тохиолдол жилдээ хэд хэд гардаг. Хөршөөсөө хараат байх нь гэрэл унтрах дохиог байнга хангинуулдгийг энэ жишээнээс санаж явах хэрэгтэй.
Угтаа Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэх нүүрс, нар, салхи, усны нөөцөөр асар баян. Хэдэн терраватаар хэмжигдэх эрчим хүчний нөөцтэй ч бид хөршөөсөө хараат суугаа нь гажуудал. Эрчим хүчний шинэ станц барина гээд олон жил ярьсаар өдий хүрлээ. Тавантолгой нүүрсний ордыг түшиглэн, “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станц бариулах, мөн Багануурт том чадлын станц байгуулахаар энэ цаг үед ярьж байна. Энэ хоёр станц 5-6 жилийн дараа ашиглалтад орвол Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах учиртай.
Манай улс дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлынхаа 75 хувийг ашиглаж байгаа. Шугам сүлжээний чанар ч сайжирсан. Цагаа олсон зөв хөрөнгө оруулалт хийж “Амгалан” дулааны станц барьснаар дулааны дутагдлаас бүрэн ангижирсан гэхэд болно. Гэхдээ дулааны хэрэглээ өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа учраас анхаарлын гадна орхиж яавч болохгүй. Хамгийн гол цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа нэмэх асуудал анхаарал татаж байгаа юм. Том чадалтай цахилгаан станц ашиглалтад оруулахаас урьтаж байгаа хэдийнхээ хүчин чадлыг нэмэх арга хэмжээ авахгүй бол аюул ойрхон иржээ. Гэрэл унтрах дохио хангинасан хэвээр л байна.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Гэрэлтэй, дулаахан өвөлжих бэлтгэл 94.7 хувьтай байна
Эрчим хүчний хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байгаа бол, олон цагаар цахилгаан тасарч, осол гэмтэл гарахгүй гэсэн баталгаа бий юү? Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компаниас (УБЦТС) сурвалжиллаа.
Тус байгууллага найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 378 000 орчим хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Суурилагдсан хүчин чадал нь 1636 МВА. Дулааны станцуудад үйлдвэрлэсэн цахилгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компаниар дамжуулан өөрсдийн 35 кВ-ын дэд станц, шугамаар хүлээн авдаг гэнэ. Ингэснээр хэрэглэгчдэд түгээн, борлуулах үйлчилгээ эрхэлдэг байна. Энэ жил УБЦТС компанийнхан гуравдугаар сараас аравдугаар сарын 1 хүртэл төлөвлөгөөт их, урсгал засвар, техник, зохион байгуулалтын 2900 орчим ажил хийж буй гэнэ.
Ажлын явц 94.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд аравдугаар сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байгааг албаныхан хэлэв. Үүний зэрэгцээ түгээх сүлжээний ашиглалтын тоноглолуудад байнгын үзлэг, шалгалт хийн, хяналт тавьж ажилладаг аж. Түүнчлэн тус компани нь эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, иргэдээс төлбөр тооцоог нэхэмжлэн авч, системийн нэгдсэн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй гэв. Харин цахилгаан дамжуулах явцад УБЦТС компанийн эзэмшил, хяналтын тоног төхөөрөмж, дамжуулах утас, самбар зэрэгт гэмтэл, саатал цөөнгүй гардгийг үгүйсгэхгүй. Түүнийг шуурхай арилган, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангахыг зорьдог гэдгийг хэллээ. Мөн өнгөрсөн өвөл, хавар, зун тус компанийн үйл ажиллагаанаас шалтгаалсан томоохон осол, гэмтэл гараагүй. Энэ жил ч төлөвлөгөөт ажлаа хуваарийн дагуу хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж буйг дурдсан.
Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөж байгаагаас шалтгаалан эрчим хүчний хомсдол үүсдэг, эсэх талаар УБЦТС компанийн Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Батцэцэг “2016 онд нийслэлийн хэмжээнд зөвхөн манай сүлжээнээс 650 мВт эрчим хүч түгээсэн бол өнгөрсөн онд 703 мВт болж өссөн. Хэрэглээ 7-10 хувиар өссөн буюу сүүлийн гурван жилд, жил бүр 26 000 хэрэглэгчээр нэмэгджээ. Айлууд зөвшөөрөлгүй газарт дур мэдэн буух, нэг тоолуураас олон салаалж хэрэглэх, бага талбайд нийтийн байр, үйлчилгээний төв барьснаас болж цахилгааны хэрэглээ төлөвлөснөөс давдаг.
Үүнээс шалтгаалан зарим байршилд хүчдэл унадаг буюу хэрэглээгээ дийлэхгүй болдог, зарим газрын айлууд огт цахилгаанд холбогдож чаддаггүй. Бид 2016 оны есдүгээр сараас энэ он гартал 12 000 гаруй айлыг цахилгаан, эрчим хүчинд холбожээ. Гэсэн ч нийслэлийн 81 байршилд 3800 орчим айл хүчдэлийн уналттай, зарим нь цахилгаангүй байгаа. Үүнээс 52 байршлын, 2300 орчмыг нь цахилгаантай болгох зураг, төсвийг нийслэлийн засаг захиргааны байгууллага хийж байна. Манай компанийн зүгээс шалтгаалах ажлуудыг чанартай, тасралтгүй гүйцэтгэж байгаа” гэлээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
А.ТЛЕЙХАН: Эрчим хүчний аюулгүйн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас эрчим хүчний хангамжийн талаар байр суурийг нь сонслоо.
-Манай улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ ямаршуухан байна вэ. Гадаадаас цахилгаан эрчим хүч авч, дутагдлаа нөхөж байгаа шүү дээ?
-Монгол Улс энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн. Мөн импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5, дулааных 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улс 2017 онд БНХАУ-аас 1.1 тэрбум кВт.ц, ОХУ-аас 300 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан. ОХУ-аас нэг кВт.ц эрчим хүчийг 219 төгрөгөөр худалдан авч, төвийн болон баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлдэг. “Оюутолгой” компани БНХАУ-аас жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч худалдан авч байгаа.
-Цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс суурилагдсан хүчин чадал нь 20 хувиар илүү байж аюулгүй байдал нь хангагддаг гэдэг. Манайхны хэрэглээ суурилагдсан хүчин чадалтайгаа ойртоод байна. Ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Өмнө нь нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувийн нөөцтэй байдаг байлаа. Эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1200 МВт-д хүрсэн. Тэгвэл өнгөрсөн өвөл оргил ачаалал 1081 МВт хүрлээ. Иймээс аюулгүйн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих, станцуудаа шинэчлэх, өргөтгөх хэрэгтэй. “ДЦС-3”-ийг бариад 50, “ДЦС-4”-ийг бариад 35 жил болж байна.
Эрчим хүчний салбарт 1990 оноос хойш техникийн шинэчлэл хийж, анх суурилуулсан тоноглолуудыг сольсон. Эрчим хүчний салбарын нийт тоног төхөөрөмжийн 50 орчим хувийг шинэчилсэн. “ДЦС-4”-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх хөрөнгийг ОХУ-аас зээлж, ажлаа эхлүүлээд байна. Ингэснээр “ДЦС-4”-ийн суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэн, дөрвөн турбиных нь ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсах юм. Мөн “ДЦС-3”-т 25 МВт-ын тавдугаар турбины хүчин чадлыг хоёр дахин нэмэх, тус станцын баруун талд 50 МВт-ын нэг зуух турбин тавих боломжтой. Үүнээс гадна 48 МВт-ын дунд даралтын хэсгийг буулгаж, шинээр 250 МВт-ын станц барих боломж бий.
“ДЦС-2”-ын суурин дээр 200 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц барих судалгаа хийх, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцуудын тус бүр нь 35 МВт-ын өргөтгөлийг шуурхайлах хэрэгтэй. Амгалангийн дулааны станц ын дэргэд нэг зуух, трубин нэмж тавин, 50 МВт-ын өргөтгөл хийж, цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Засгийн газар дэмжиж, Хөгжлийн банк баталгаа гаргаж өгвөл Тэлмэнгийн 100 МВт-ын чадал бүхий дулааны цахилгаан станцыг 18 сарын дотор барьж ашиглалтад оруулах боломж байгаа. Нөөц боломждоо тулгуурлан, хөрөнгө оруулалт бага шаардах, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой ажлаа эхэлж барьж авах шаардлагатай.
-Шинэ эх үүсвэр барих гэхээр янз бүрийн шалтгаанаар гацаачих юм. Ямар учиртай юм бэ?
-Эрчим хүчний шинэ эх үүсвэр барина гэж олон жил ярьсан ч чадаагүй л байна. Улс төрийн шалтгааны улмаас том төслүүд гацдагийг олон нийт гадарлаж байгаа биз. Нарийн судалж шинжлээгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн, орчин нөхцөлтэйгээ нийцэхгүй төсөл барина, барихгүй гэж маргалдан цаг алдаад байна гэж хардаг. Багануур, Тавантолгой, Оюунтолгойн цахилгаан станцууд барих, техник, технологийн асуудлыг эцэслэн, хөрөнгө оруулагчидтай тохирох, дулааны цахилгаан станц барих асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.
-Багануурт цахилгаан станц барих гэтэл бас болж бүтэхгүй гэсэн мэдээлэл түгээх боллоо.
-Манай салбарынхан станц барихыг эсэргүүцээгүй. Харин төсөл, гэрээ хэлэлцээрт засаж сайжруулах зүйл бий гэж ярьж байгаа. Тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр зэрэгцээ турбин бүхий нийтдээ 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина гэж төсөлд тусгасан. Гэтэл манай эрчим хүчинд ашиглаж буй турбины хамгийн их хүчин чадал нь 123 МВт байгаа юм. Тэгэхээр Багануурын станцын 350 МВт-ын турбинтай манай “ДЦС-4”-ийн 123 МВт-ын турбин зэрэгцэж ажиллана гэсэн үг. Багануурын дулааны цахилгаан станцад ямар нэг гэмтэл, саатал гарахад төвийн эрчим хүчний системд хүчин чадлын дутагдал үүсэж, систем тэр чигээрээ савлаж бүрэн зогсох аюул бий. Саяхан “ДЦС-4” гэнэт бүрэн зогсоход бусад цахилгаан станцуудад саатал гарч байгаа шиг л зүйл давтагдана.
Тиймээс Багануурын цахилгаан станцад 350 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулж болохгүй. 200 МВт-аас доош хүчин чадалтай турбин суурилуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Станцыг одоогийн төслөөр нь баривал Монголын эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаанд эрсдэл учирна. Төслийг дэмжихгүй байх хоёр дахь шалтгаан нь “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ” юм. Төсөл хэрэгжүүлэгчид “Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгаан эрчим хүчийг худалдаж авна” гэсэн гэрээг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-тай байгуулсан. Багануурын станцын үйлдвэрлэсэн цахилгааныг бүгдийг нь худалдаж авахын тулд “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн зарим хэсгийг зогсооход хүрнэ. Багануурын станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг бүгдийг худалдаж авбал цахилгааны үнэ тариф өсөх эрсдэлтэй.
Бэлтгэсэн: Т.Энхбат
1 comment
Шугам сүлжээгээ сайжруулах хэрэгтэй