Нэгдсэн үндэстний байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх статистик судалгааг гаргажээ. Энэ бол хамгийн сүүлийн үеийн судалгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай гаригийн хүн ам 7,6 тэрбумд хүрсний 821 сая нь өлсгөлөн, хагас өлсгөлөн байдалд амьдарч, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа тухай уг судалгаанд дурдсан байна.
Өөрөөр хэлвэл дэлхийн есөн хүн тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалтай гэж ойлгож болно. Дээрх 821 сая хүний цөөнгүй хувь нь бага насны болон өсвөр насны хүүхдүүд гэдгийг ч НҮБ, ДЭМБ-ын тайланд дурджээ. Өлсгөлөн байдалтай өдрийг өнгөрүүлэгсдийн дийлэнх нь ази, африк, латин америкийн бүс нутагт амьдардаг бөгөөд өлсгөлөнд хүргэж байгаа гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, үер зэргээс болж ургацаа алдах явдал аж.
Дээр нь иргэний дайн, омог отгийн мөргөлдөөн ч бас нэг том шалтгаан болдог байна. Дээрх судалгааг үзээд санаа хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь манай гаригийн өлсгөлөн хүн амын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд эрс өссөн явдал. Ялангуяа африк, латин америкийн хөдөө тосгодуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо огцом өссөн байна.
Харин ази тивд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо жил ирэх тусам аажмаар буурч байгаа нь энэ тивийн улс орнуудад эдийн засгийн өсөлт хурдтай явагдаж байгаатай холбоотой аж. Зарим судлаачид НҮБ, ДЭМБ-аас гаргасан энэ удаагийн судалгаанаас 2030 он гэхэд манай дэлхийн өлсгөлөн хүмүүсийн тоо нэг тэрбумд хүрэхэд гайхах зүйлгүй гэдэг дүгнэлтийг хийжээ.
Учир нь дэлхийн уур амьсгалын хэт дулаарал нь ирэх жилүүдэд ган гачиг, үер усны аюул зэргийг улам нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Цаг агаарын хэт дулаарал нь ази, африк, латин америк тивийн олон сая иргэдийн өдөр тутмын гол хүнс болох цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн тариаланд ноцтой аюул заналыг учруулдаг юм. Судалгаанаас анзаарч болох өөр нэг зүйл нь африк тивийн нийт хүүхдүүдийн 30 хувь нь өлсгөлөн, хагас өлсгөлөн амьдарч байгаа явдал. Дэлхий даяар нийтдээ 151 сая хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд амьдарч байгаа юм.
Хүүхдүүдийг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж байгаа өөр нэг ноцтой шалтгаан нь ази, африк, латин америкийн олон сая эхчүүд нярай хүүхдээ хөхөөрөө хооллож чаддаггүй явдал. Үүнд дахиад л нөгөөх хоол тэжээлийн дутагдал буюу хүнсний хомсдол буруутай гэж хэлж болно. Хоол олигтой идэж чадахгүй байгаа эх хүний хөхөнд нь сүү орохгүй. Сүүгүй хөхтэй эхийн хүүхэд өлсгөлөн байх нь хэнд ч ойлгомжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Латин америкийн ядуу буурай орнуудад хүүхдээ сүүгээрээ хооллож чадахгүй хэдэн сая эхчүүд амьдарч буйг НҮБ-ын тайланд бас дурджээ. Харин африк, азийн ядуу орнуудад энэ байдал сүүлийн жилүүдэд арай дээрдэж байгаа аж. Өлсгөлөн амьдарч байгаа 821 сая хүний 256 сая нь африк, 515 сая нь ази, 39 сая нь латин америк, карибын тэнгисийн бүс нутагт ноогдож байна. Үүний 672 сая нь нас биед хүрсэн хүмүүс, үлдсэн нь хүүхдүүд юм.
Эх сурвалж: WHO.int