Азийн наадамд түрүүлсэн, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарыг “Өнөөдөр”-ийн зочноороо урьж, ярилцлаа. Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэрбээр тивийнхээ “олимп”-оос алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь боксчин болсон юм.

-Энэ онд олон улсын зургаан тэмцээнд оролцон, таваас нь медаль хүртэж, ер нь өнгөтэй байсан. Цэндбаатар эргэн ирснийг Азийн наадамд гаргасан амжилт тань харууллаа. Жил гаруй хугацаанд “тарчилсан” хүнд байдлаас гараад түрүүлэхэд ямар мэдрэмж төрөв?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Азийн наадамд анх удаа өрсөлдөөд, түрүүллээ. Би тэмцээнд оролцолгүй жил гаруй болсноо энэ оны эхнээс хүч сорьж эхэлсэн. Хэдийгээр бэлтгэл сайтай байсан ч анхандаа нүүрээ гэмтээчих вий гэж санаа зовоод тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй байв. Сэтгэл зүйн хувьд ч өмнөх шигээ байж чадаагүй. Харин Казахстанд болсон олон улсын тэмцээнд түрүүлснийхээ дараа өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.

Санаа зовохоо больсон нь Азийн наадамд манлайлахад их нөлөөллөө. Ер нь Индонезын дэвжээ надад ээлтэй. Би өмнө нь тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх тэмцээнд түрүүлж байсан. Шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөллөө. Тухайн үед гэлтгүй одоо ч рингэндээ эргэн ирсэндээ л их баярлаж байна. Жилийн хугацаанд их зүйл үзлээ, олон юм ухаарлаа. Өдий хүртэл намайг дэмжиж, түшсэн гэр бүлдээ, ханьдаа баярлалаа. Боксын спортоор эргэн хичээллэх, тэмцээнд оролцох боломж олгосон Монголын боксын холбооны хамт олонд талархаж байна.

-Боксын спортод шүүлтийн булхай гэж айхтар “өрсөлдөгч” бий. Шигшээд Узбекистаны боксчинтой өрсөлдөж байхад шүүгч таныг торгож, ялалтыг хэнд нь ч зааж мэдэхээр байсан. Эргэлзээтэй шүүлтийн улмаас дийлдэх вий гэж эмээсэн үү?

-Нэлээд эвгүй тоглолт байлаа. Өрсөлдөгч төдийгүй шүүлтийн хувьд. Шүүгч сав л хийвэл надад сануулга өгөөд л. Тоглолтын хэмнэлээ яг сайхан олоод, урагш довтлохоор сануулчихна. Тэгэхээр хэмнэлээ алдчихдаг юм. Тиймээс аль болох тайван өрсөлдөж, шүүгчтэй нь хамт хожихыг хичээсэн. Энэ жил Казахстаны тэмцээнд оролцохдоо ийм байдалд орсон болохоор хавьгүй туршлагатай байлаа. Ер нь илт илүү л тоглохгүй бол ялалтыг узбекистан тамирчинд өгөхөөр байсан шүү.

Өрөлдөгчөөсөө илүү оновчтой олон довтолж, идэвхтэй хүч сорьсон болохоор шүүгчийн шийдвэрт нэг их санаа зовоогүй ээ. Тэмцээний үеэр олон хүн надад амжилт хүсэн, дэмжихэд сайхан байсан. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм билээ. Дэвжээн дээр монгол түмэн минь намайг түшиж, тулах шиг санагдсан. Рингэнд гарахдаа би юуны түрүүнд төрсөн нутгаа, аав, ээжээ боддог. Миний нүүрэн дэх сорвинууд задрах магадлал өндөр. Тиймээс аль болох нүүрэндээ цохиулж, тулж довтлохгүйг хичээж байгаа. Өмнөх шигээ дайрч, улайрч өрсөлдвөл баларна.

-Риогийн олимпоос хойш оролцсон хамгийн том тэмцээн тань энэ байлаа. “Рио-2016”-д анх өрсөлдөхдөө АНУ-ын Ш.Стивенсонд ялагдан, V байрт шалгарсан. Түүнийг ялах боломж байсан нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэв?

-Тухайн үед өнөөгийнх шиг туршлагатай, сэтгэл зүйтэй байсан ч болоосой. Би гэнэн байж. Хэн нэгэн ийм, тийм гэнгүүт тэрэнд нь юу ч бодолгүй итгээд л. Олимп, дэлхийн медальтай тамирчин гэхээр нь сүрдэнэ. Надад Ш.Стивенсоныг ялах боломж 100 хувь байсан. Даанч би хэтэрхий их хичээж, тэгж, ингэж тоглоно гэж бодсоны улмаас ялагдсан. Сая Азийн наадамд зөвхөн түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Харин би олимпод тэгээгүй. Хүрэл медаль хүртвэл л болох нь тэр гэж бодохоор яаж өндөр амжилт гаргах вэ. Олимпоос өмнө Азийн АШТ юм уу, ДАШТ-д ядахдаа ганц ч болтугай оролцчихсон бол тэс өөр байхгүй юү. Яалт ч үгүй туршлага дутсан.

-Та 2016, 2017 оны УАШТ-ий шигшээд Э.Идэрхүүг ялан, түрүүлсэн ч тухайн жилүүдийн тив, ДАШТ-д таныг бус, түүнийг сойсонд олон хүн өдгөө ч гайхдаг. Таныг яагаад оролцуулдаггүй байсан юм бол?

-Монголын боксын холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын шийдвэр л дээ. Дотооддоо босоо байгаа мөртлөө томоохон тэмцээнд өрсөлдүүлэхгүй байхаар урам хугарч, шантардаг юм билээ. Бокс тоглохоо больё гэдэг бодолтой тулсан ч ээж, аавынхаа ачийг хариулмаар санагдана. Спортоор амжилт гаргахаас өөрөөр би яаж ачийг нь хариулж чадах билээ. Үүний сацуу мөрөөдлөө тийм амархан орхиж, ялагдаж болохгүй гээд л гүрийсэн. Идэрээ ах 2015, 2016 оны Азийн АШТ, ДАШТ-ээс медаль авч чадаагүй. Азаар намайг олимпын эрхийн тэмцээнд өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн.

Би олдсон боломжийг алдахгүйг, хонгилын үзүүрт ассан гэрэлнээс лавхан “атгах”-ыг хичээлгүй яах вэ. Азербайжанд болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Би нээрэн, багадаа өөрийгөө олимпын аварга болж буйгаар төсөөлдөг байлаа. Бүр цаасан дээр зурснаа одоо ч хадгалдаг. Тэгэхдээ би алт, Кубын тамирчин мөнгө, ОХУ, Узбекистаны боксчин хүрэл медаль авснаар дүрсэлсэн юм. Тэгсэн маань “Рио-2016”-д биелэх дөхсөн, жаахан л өөр байсан болохоос. Уг нь Ш.Стивенсоныг ялсан л бол Риогийн олимпоос алтан медаль хүртсэн куба эрийг дийлээд, түрүүлэх боломжтой байлаа.

-Өнгөрсөн жил УАШТ-д жин өгсөн, 60 кг-д өрсөлдөхдөө шигшээд Гавьяат тамирчин Д.Отгондалайг ялан, түрүүлсэн. Тухайн үед Гавьяат цол хүртээд удаагүй байсан түүнийг ялна гэх итгэл хэр их байв?

-Жингээ хасан, 56 кг-д өрсөлдөх боломж байсан л даа. Өөрийгөө “зовоолгүй” оролцъё гээд 60 кг-д хүч сорьсон юм. Медаль авна, түрүүлнэ гэж ер бодоогүй. Зүгээр л жин хасахын зовлонг мэдрэлгүй өрсөлдөөд үзье гэсэндээ тэр. Оки ахтай тоглохдоо заавал түрүүлнэ гэж шунаагүй. Хожиж, хожигдсон ч хамаагүй сайхан тоглохыг л хүссэн юм.

-Тэгэхэд танд удаан хүлээсэн тив, дэлхийн дэвжээнд оролцох боломж бүрдсэн. Гэтэл болчимгүй үйл явдлын улмаас бүх зүйл орвонгоороо эргэсэн шүү дээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-(Толгой сэгсрэв). Хандгайтад байрласан байрнаасаа шөнөөр явсан нь бидний буруу. Үнэнийг хэлэхэд тухайн үед манай байранд хараа, хяналт огт байгаагүй. Би шигшээгийн зарим тамирчинтай дарвиж гараад, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан юм. Архины хар мөр л дөө. Нэг газраас гарч явтал хэдэн залуу араас ирснээ элдвээр хэлсэн.

Бид эхэндээ “Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой” гэж бодсон юм. Тэгээд “Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна” гэтэл нэг нь “Чи муу боксчин байхаараа яадаг юм бэ. Томроод байгаа юм уу” хэмээнгүүтээ зодоон эхлүүлж, “Ална” гэж учир зүггүй дайрсан. Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаасан юм. Би такси барих гээд зогсож байтал нөгөө залуус чинь араас машинаар гүйцээд ирдэг юм байна.

Бүр урсгал сөрөнгүүтээ над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ л гэж би бодсон л доо. Нэг мэдэх нь ээ эмнэлэгт хэвтэж байсан. Нүүр авах юм байхгүй. Автомашинд дайруулсан болохоос зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн шиг хүнд зодуулж, бусадтай зодолдоогүй юм шүү. Бүх зүйл орвонгоороо эргэхэд үнэхээр хүнд байсан. Амьдрах итгэлгүй болдог юм билээ. Азаар бие харьцангуй хурдан эдгэн, 14 хоног эмчлүүлээд, эмнэлгээс гарсан. Хэсэг хугацаанд Спортын төв ордонд очоогүй, бэлтгэлээ өөр газар хийсэн. Эхний хэдэн сар хамарнаас цус гараад ёстой хэцүү байсан шүү.

Бокс тоглохоо больдог ч юм бил үү гэж шантарч байснаа нуугаад яах вэ. Халгаж, халгаж байгаад нэг өдөр үндэсний шигшээ багийн зааланд очиход хүмүүс над руу эвэртэй туулай үзсэн юм шиг харсан. Бэлтгэл хийн, амжилт гаргахаар хүмүүсийн хандлага өөрчлөгдөж л байна. Эргэж ирэхгүй цаг хугацааг яалтай. Хэрвээ би өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцоод, хоёр жилд нэг удаа болдог ДАШТ-ий эрх аван, дэлхийн дэвжээнд өрсөлдсөн бол гэж бодохоор харамсалтай. 2017 онд ДАШТ-ээс медаль авсан бүх тамирчныг би өмнө нь ялсан байсан шүү дээ. Тэднийг медаль хүртэж буйг зурагтаар хараад шар гозойсон. Тэгээд л бүхнийг шинээр эхлэхийн төлөө зүтгэж, чармайж явна.

-Хүн алдахын алийг тэр гэх вэ. Хамгийн гол нь алдаагаа ухаарч, залруулах нь чухал. Хүнд үеийг даван туулж, дэвжээндээ гаран, бүхнийг шинээр эхлэх урам, эрч хүчийг юунаас авав?

-Өнгөрсөн жил үнэхээр хэцүү байлаа. Одоо эргээд бодоход гол харлаж байна (Түүний нүдэнд нулимс цийлэгнэв). Тэр өдөр яах гэж тэгж явав даа. Би охинтой, одоо хоёр настай. Тэмцээнд оролцох эрхээ хасуулчихсан, шигшээ багийн цалингүй тул дээшээ газар хол, доошоо газар хатууг мэдэрсээн. Охиныхоо живхийг солихоос авхуулаад мөнгөний хэрэглээ юу эс мундах вэ. Гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийсэн.

Ерөнхий боловсролын сургууль төгсөнгүүтээ бокс хөөчихсөн надад ямар юмных нь мэргэжил байх вэ. Чаддагаараа бэлтгэлийнхээ хажуугаар дасгалжуулагч хийн, хүүхдүүдэд бокс заалаа. Би эхээс долуулаа, дээрээ ах, эгчтэй. Ер нь төрсөн ах, дүү, аав, ээж, ханиас минь илүү надад үнэнч, миний төлөө бүхнээ зориулах хүн байхгүйг ухаарлаа. Өвчиндөө шаналан хэвтэж байхад тэд минь л дэргэд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Сүлд” спорт хорооны хамт олон маань, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ ах намайг орхиогүй, бүх талаар тусалсанд талархаж явдаг. Эмнэлэгт эргэж очсон, хэцүү үед тусалсан бүх хүнд баярлалаа. Тэднийхээ ачийг хариулах, монгол түмнээ баярлуулахын төлөө би дэвжээндээ эргэн ирсэн.

-Та ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн хугацаанд зөндөө зүйл ойлгож, ухаарлаа гэсэн. Юуг засаж, ямар алдаагаа залруулав?

-Өмнө нь гэнэн явжээ. Бокс тоглож сурах болоогүй гэдгийг ухаарсан. 10 жилийн дараа л мөн чанарыг нь ойлголоо. Өнөөгийн миний амжилт юу ч биш юм байна. Зовохын цагт нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юм билээ. Хэн нь нөхөр, хэн нь дайсныг ялгаж, таньж сурлаа. Амжилттай яваа үед хүн бүхэн л хүрээлж “Найз аа, ахын дүү” гэдэг мөртлөө гундуу явахад цөөнгүй нь нүүрээ буруулдаг юм байна. Зарим нэг нь бүр баярласан байх шүү.

Бүдрэхэд татаж босгохын оронд элдвээр хэлж, шүүмжилсэн хүмүүст тухайн үед гомдсон ч харин одоо баярлаж байна. Тэд байгаагүй бол би спортдоо эргэн ирэхгүй, бүхнийг шинээр эхлэхгүй ч байсан юм бил үү. Амьдрал нээрэн сонин шүү. Хамгийн сайн найз минь гэж бодсон хүн нүүр буруулж, дайснаа гэж явсан хүн түшдэг юм билээ. Алдаагаа ухаарахад тусалдаг, буруу тийшээ хазайхад чиглүүлдэг, хандыг минь дардаг гурван хуурай ах надад бий. Нэрийг нь Элбэгсайхан, Жоош, Хуягаа гэдэг юм. Сэтгэл, итгэлийн галаа бөхөөхгүй байхад тэд их тусалсан. Хоёрынх нь жинхэнэ нэр уг нь өөр л дөө, би ингэж дуудаад сурчихсан юм.

-Залуу насны аагаар амжилтдаа эрдэж, биеэ тоож явсан үе бий юү?

-Байгаа. Тэрнээсээ болж л ингэж алдлаа. Олимпын дараа эх орондоо ирэхэд намайг уруу татах хүн олон байсан. Тэгж явсан нь миний л арчаагүйнх байхгүй юү. Хэн нэгэн наашаа гэхээр нь далдаганаж очоод, гэнэн байж дээ. Тэр бүхнийг цэглэж, ухаарсан, одоо. Биеэ тоон, буруу тийшээ хазайсныг бурхан ингэж шийтгэсэн байх. Ухааралгүй урсгалаараа, буруу замаар бүр хол явсан бол юу ч болох байсан юм билээ. Амиа алдах ч байсан юм бил үү. Харин ч бокс дахин тоглон, амьд байгаа нь их юм. Амь насаа алдсан бол яана. Одоо би дахиж алдахгүй ээ. Гашуун идээнээс хол байгаарай, мөрөөдлөө зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж залуусдаа захья.

-Таныг харахад сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй хүн шиг санагддаг. Аав болохдоо уйлсан уу?

-(инээв). Уйлсаан. Аав болоход зүүд юм шиг санагдсан. Охиноо тэвэрснээ “Ахын дүү” гэж зөндөө хөглөсөн. Надтай усны дусал шиг адилхан үр минь миний эрдэнэ. Би ер нь их уян, зөөлөн талдаа хүн. Тантай ярилцаад суухад үе, үе нулимс мэлмэрүүлээд байгаа биз. Байгаа минь л энэ. Уянгын кино үзэн, ээж, эх орны тухай дуу сонсохоороо уйлчихдаг. Хүнд элдэв юм санаж, тэгж, ингэх вий гэж хар буруу зүйл боддоггүй. Ойр дотнынхон “Манай Цэндээ ёстой хүүхдээрээ, цагаан цаас шиг сэтгэлтэй” гэдэг. Гэхдээ өнөө үед энэ маань заримдаа сул тал болох юм.

-Охид аавдаа илүү амь байдаг гэдэг. Танай охин ч бас тийм байна уу?

-Нээрэн тийм юм байна. Гадаадад тэмцээнд оролцчихоод олон хоногийн дараа гэртээ ирэхэд намайг тэврээд ер салдаггүй юм. Хөөрхий минь аавыгаа их санадаг. “Аав аа, аав аа” гэж шулганаад, эгдүүтэй гэдэг нь. Азийн наадам дуусангуут гэртээ, охиндоо яарсан. Би тэмцээн бэлтгэл, гээд гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Арыг минь дааж, амжилт гаргах бүх нөхцөл, боломжоор хангадаг ханьдаа баярладаг.

-Та хүүхдийн дуу сайн мэдэх үү?

-Мэдэлгүй яах вэ. “Пороро”-гийн дууг ёстой хашраана (инээв). Заримдаа охинтойгоо хамт дуулдаг.

-Цаашид 60 кг-д тоглох уу. Жингээ солих бодол бий юү?

-Жиндээ сайхан дассан, солихгүй.

-Тэгэхээр Гавьяат тамирчин Д.Отгондалай та хоёрын дунд олимп, ДАШТ-д оролцохын төлөөх өрсөлдөөн дахин өрнөх нь ээ?

-Аваргыг ялж, аварга болдог гэдэг. Би үеийн боксчиддоо “Ах нарыгаа ялж байж л дэлхийн энтэй тамирчин болно. Тэгэхгүй бол бэлтгэл хангагч нь болохоос өөр сонголтгүй” гэж захидаг. Оки ахыг ялахын төлөө хичээнэ. Гавьяат ч бас намайг дийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа нь мэдээж. Бид хоёр дэвжээн дээр өрсөлдөгч, бусад үед сайн ах, дүүс. “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг чинь боксчин бидэнд зориулсан үг байхгүй юү. Мөрөөдөлтэй байх сайхан. Энэ жил миний хамгийн том зорилго Азийн наадамд түрүүлэх байсан. Түүндээ хүрлээ. Одоо би сонирхогчийн боксын олимп, дэлхийн аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга болохын төлөө хичээнэ. Бас өөрийн гэсэн эмнэлэг, спорт цогцолбортой болох мөрөөдөл бий.

-Мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх сонирхолтой гэж ойлгож болох уу. Н.Төгсцогттой холбоо барьж, судалдаг уу?

-Үгүй ээ, одоохондоо эртэднэ. Юуны түрүүнд сонирхогчийн боксоор том зорилгынхоо ард гараадахъя. Тэгснийхээ дараа мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Надад Япон, БНСУ-аас мэргэжлийн бокс тоглуулах, гэрээ байгуулах санал ирдэг. Би зөвшөөрөхгүй байгаа. АНУ-д өрсөлдвөл л гоё шүү дээ. Надад бодсон юм их бий. Олимпод хүрэл медалийн төлөө намайг ялсан Ш.Стивенсон одоо мэргэжлийн бокс тоглож байгаа. Тэрбээр алдарт боксчин Флойд Мейвезерийн багт элссэн гэнэ лээ. Тэгэхээр нөлөө ихтэй. Намайг мэргэжлийн дэвжээнд очих гэсээр байтал Ш.Стивенсон дэлхийн аварга болчих байх. Тэр үед би “Чи миний хүрэл медалийг булаасан. Одоо би чиний аваргын бүсийг өөрийн болгоно” гэж англиар хэлэхийг хүсдэг.

Бээжингийн олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсны дараа боксын спортод дурлан, тэдэн шиг тамирчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн боксчин хүүхдүүдийн нэг нь Э.Цэндбаатар. Багаасаа спортод авьяастай, эрэмгий, хөдөлмөрч байсан тэрбээр Б.Энхтайван дасгалжуулагчаар бокс заалгаж, өдгөө ч түүний удирдлагад бэлтгэлээ базааж буй.

Э.Цэндбаатарын амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-д 17 насандаа түрүүлж, олны анхааралд өртөж эхэлжээ. Тэгэхдээ аваргын төлөөх тоглолтод “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнийг ялж, анхны түрүүгээ хүртсэн тэрбээр тухайн үед өсвөр, залуучуудын ангиллын дотоодын бүх тэмцээний аварга болж, аль хэдийн ирээдүйд юм дуулгахаа баталчихсан байлаа.

Инчоны Азийн наадмын дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргжлийн боксыг сонгон, АНУ-ыг зорьсон. Улмаар түүний орон зайг хэн нөхөх, амжилтыг нь хэн залгамжлах вэ гэдэг асуулт спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байв. Үүний хариулт нь Э.Цэндбаатар байлаа. Тэрбээр жин өгсөн тоглож эхэлснээсээ хойш 2015, 2016 оны УАШТ-д Э.Идэрхүүг, өнгөрсөн жил Д.Отгондалайг ялж, түрүүлсэн. Олимпын аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга болох мөрөөдөлтэй Э.Цэндбаатар ярилцлагынхаа төгсгөлд МҮОХ, БТСГ, ШШГЕГ, “Сүлд” спорт хороо, “Ажнай” групп, Монголын боксын холбоо, гэр бүл, аав, ээж, ханьдаа болон монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн