Хичээлийн шинэ жил эхэллээ. Гуравдугаар ангид орсон бяцхан дүү минь дүрэмт хувцсаа өмсч, гутлаа гялалзтал нь тослоод, цүнхээ дааж ядан үүрээд гарах нь өхөөрдөм. Харин хаалгаар гарангуутаа л ээждээ цүнхээ өгч, өөрөө дэгдэн гүйх. Эцэг эхчүүд анзаардаг л байх. Таны хүүхэд бяцхан биедээ дийлэмгүй хүнд цүнх үүрдгийг. Хэт хүнд цүнх үүрэх нь эрүүл мэнд болоод өсөлтөд нь сөргөөр нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Тэгвэл бага ангийн сурагчид дунджаар хэдэн кг жинтэй цүнх үүрэх ёстой вэ?
ХҮНД ЦҮНХ ҮҮРЭХ НЬ ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙГ ЗОГСООХ АЮУЛТАЙ
Цүнх гэдэг бага ангийнхны хувьд их чухал. Хичээлийн хэрэглэл, ном дэвтрээ хийхээс гадна солих улавч, зузаан хувцас, өдрийн цайгаа хүртэл хийдэг нэг ёсны хамгийн найдвартай авдар юм. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодвол зайлшгүй тогтоосон стандарт, даацаас нь хэтрүүлэхгүй байлгах нь чухал. БСШУСЯ, Боловсролын хүрээлэнгээс судалгаанд үндэслэн, цүнхний стандартын тухай зөвлөмж гаргажээ. Монгол хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заажээ.
Зөвлөмжийн дагуу нэгдүгээр ангийн сурагч 3.1 кг-аас илүү жинтэй цүнх үүрэх ёсгүй юм байна. Харин гуравдугаар ангийн сурагчид 3.2 кг. Хэрэв таны хүүхэд тавдугаар ангид сурдаг бол 3.7 кг жинтэй цүнх үүрэх ёстой. Энэ хэмжээнээс хэтрүүлж, хэт том цүнх үүрэх нь таны хүүхдийн өсөлтийг зогсоох, биеийн галбирын хувьд буруу хөгжилтэй болгох аюултай юм. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Миний хүү энэ жил гуравдугаар ангид орсон.
Одоогоор сургууль нь ном тарааж өгөөгүй учир цүнх нь хөнгөн байна. Өнгөрсөн жил дөрвөн ном хийхэд л цүнх нь нэлээд хүнд болж байсан. Анги ахих тусам ном, дэвтэр нь нэмэгдэнэ. Дөнгөж найман настай хүүхэд 6-7 кг цүнх үүрнэ гэдэг эрүүл мэндийн хувьд аюултай. Тиймээс хүүхдээ хүргэж өгч, авахдаа байнга цүнхийг нь барьж явдаг. Хүүхдэд олон хүнд ном өгч явуулснаас багш нь тухайн өдрийн хичээлийг нь тухай бүрд нь цаасан дээр хэвлээд өгчихөж байвал амар санагдах юм” гэж байв.
Хүний их эмч, нуруу нугасны зөвлөх эмч Б.Бурмаа “Хүүхдүүд хэт хүнд цүнх үүрснээс болж бөгтөр болдог. Нэгэнт бөгтөр болсон бол засахад тун хэцүү. Цаашлаад нурууны суулт, булчин чангарах зэрэг гажгууд биед илэрч эхэлдэг. Тиймээс аль болох хөнгөн цүнх үүрэх ёстой. Мөн хичээлдээ явахдаа хүнд цүнх үүрч гарсан хүүхэд сургуульдаа очихдоо зан төлөв нь өөрчлөгдөж, ядрах мэдрэмж төрснөөс болж хичээлээ ойлгохгүй, нойрмоглодог.
Энэ нь сурлагын чанарт нь нөлөөлдөг гэсэн сонирхолтой судалгаа гарсан байдаг юм билээ” гэв. Тэрээр цааш нь “Сурагч болно гэдэг зургаан настнуудын хувьд хүнд даваа. Хичээл тэдэнд дарамт юм шиг санагддаг. Энэ сэтгэхүйг нь дагаад биед нь өөрчлөлт гарна. Толгой өвдөх, ядрах, гар нь чилэх гэх мэт. Тэгэхээр эцэг эхчүүд аль болох хүүхдээ амрааж, эрт унтуулж байгаарай” гэсэн юм.
СУРАГЧИЙН ЦҮНХИЙГ ХӨЛӨРГӨДӨГГҮЙ, ДААВУУН МАТЕРИАЛААР ХИЙХ ЁСТОЙ
Сурагчийн цүнхний стандарт, жингийн тухайд манай улсад ийм байдаг бол дэлхийн жишиг ямар байдаг бол. Америкт сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх естой гэж заадаг юм байна. Харин Японд зөвхөн сурагчийн цүнх үйлдвэрлэдэг компани байдаг аж. Тэд стандартын дагуу сайн цүнх үйлдвэрлэж, Засгийн газраас санхүүжилтээ авдаг аж. Мөн Японы зарим сургуульд нэг мөрөндөө үүрдэг цүнхийг хориглодог юм байна. Энэ нь нэг мөрөндөө хүнд ачаалал өгөхөөс сэргийлэх арга аж.
Харин манай ахлах ангийн сурагчдын хувьд нэг талаараа үүрдэг цүнх сонгох нь элбэг. Хэрэв ийм төрлийн цүнхийг байнга үүрвэл өндөр нам мөртэй болохоос гадна хуян хөөрөх өвчлөлийн үндэс болдог гэж мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Солонгос, Герман, Орос зэрэг зарим оронд сурагчийн цүнх тоноглолгүй байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьдаг юм байна.
Энэ нь бусад хүүхдийн анхаарлыг татахгүйгээс гадна амьдралын төвшингөөр ялгарахгүй байхад тусладаг гэж багш нар нь ярьжээ. Дэлхийн орнуудад жингийн стандартаас гадна материалыг онцгой анхаардаг юм байна. Тиймээс хичээлийн цүнх цэвэр даавуун материал байх ёстой гэж үздэг гэнэ. Үүрээд явахад хөлөргөхгүй, мөрнөөс мултрахгүйгээс гадна хүүхдийн биед элдэв гаж нөлөө, харишил өгөхгүй байх ёстой аж.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин