Энергийн гэх тодотголтой Red Bull ундаа нь сахар болон кафейны агууламж өндөр байдаг аж. “Энергийн ундааг бусад ундаатай харьцуулахад харьцангуй хямд үнээр зарагддаг” хэмээн Ерөнхий сайд Тереза Мей Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн хэт таргалалтыг бууруулах хөтөлбөртэй уялдуулж хязгаарлах талаар санаачилсан байна. Учир нь өндөр кафейны агууламжтай эдгээр ундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Толгой өвдөх, гэдэс өвдөх, нойргүйдэл зэрэг шинж тэмдгүүд энергийн ундаа тогтмол хэрэглэдэг хүүхдүүдэд илэрч байгааг тогтоожээ.
Энергийн ундаанууд эерэг үйлчилгээтэй мэт боловч сөрөг талуудтай аж. Юун түрүүнд, энэ төрлийн ундааг өдөрт 2 лаазаас илүү хэтрүүлж болдоггүй юм байна. Зарим эмч бол бүр 1 лаазаас хэтрүүлж болохгүй гэж сануулсан нь ч бий. Хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээг өсгөхийн сацуу даралт ихэсгэдэг аюултай аж. Энэ төрлийн ундааг Франц, Дани, Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг бөгөөд эмийн төрөлд багтаан үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалахыг зөвшөөрдөг байна.
250 мл Red Bull ундаанд 80 мг кафейн агуулагддаг нь нэг аяга кофетой тэнцдэг байна. Энэ нь даруй Кока-Кола ундаанаас гурав дахин их гэсэн үг. Харин Monster энергийн ундаанууд нь 500 мл савлагаатайгаар зарагддаг бөгөөд 160 мг-ын кафейн агуулдаг аж.