Хятадын буддын шашны хамгийн том хамба, Хятадын Буддистуудын холбооны ерөнхийлөгч Ши Шуэчень өнгөрсөн долоо хоногт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорсон юм. Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Шашны хэрэг эрхлэх үндэсний газраас түүнийг доод зэргийн хандмаа, шавь нар руугаа нийгмийн сүлжээ ашиглан, ёс бус зүйл шаардсан утга агуулгатай зурвас илгээж, “бурхны номонд энгэр зөрүүлэхийг зөвшөөрдөг, ингэвэл ариусдаг” гэж загнадаг байсан болохыг илрүүлжээ.
Түүний эсрэг дөрвөн хандмаа энэ сарын эхээр гомдол мэдүүлсэн бөгөөд нийт 95 хуудас бүхий эд мөрийн баримтыг Хятадын хамгийн том нийгмийн сүлжээ Wechat-д нийтэлснээр олон нийтийн анхаарлыг татан шуугиан дэгдсэн юм. Ши Шуэчень нь Хятадын хамгийн алдартай Буддын сүм хийдүүдийн нэг болох Бээжингийн Лончуань хийдийн хамба, Хятадын Буддистуудын Холбооны ерөнхийлөгч, Хятадын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн байсан юм.
Түүнийг сүмд зориулан сүсэгтэн олноос хандивласан 1.8 сая ам.долларын хөрөнгийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Түүнтэй холбогдох хэрэг нь БНХАУ дахь #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд олон сая охид эмэгтэйчүүд цахим сүлжээнд багш, дээд тушаалын ажилчид хэрхэн бэлгийн дарамт үзүүлсэн тухай нийтэлж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN