“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлнэ. Санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээр хангана.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулахыг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдэж байна. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96%, 12 насанд 65,3%, 18 насанд 67,5% байсан бол энэ тоо өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал 2012 онд 18 хүртэлх насны 976 мянга 941 хүүхдийн 83,6 хувь буюу 816 мянга 941 хүүхдэд үзлэг хийхэд 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байгааг нотолж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 725 мянга 600 гаруй 2-12 насны хүүхэд байна.
Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.
Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах юм.