Өвдөлт өгч эхэлмэгц эмнэлэг явах хэрэггүй

Төрөх хугацаа ойртох тусам улам хүчтэй базална. Өвдөлт эхэлмэгц эмнэлэг рүү ухасхийх хэрэггүй. Жаахан маамуу чинь тийм амархан гараад ирэхгүй. Төрөлтийн эхний шатаас сүүлийн шат хүртэл дунджаар 20-иод цагийг чи зүгээр л базалж өнгөрүүлэх болно.
Эхлээд хол зайтай, богино хугацаатай базлалт 6-12 цаг үргэлжилнэ. Дараа нь ойр зайтай, идэвхтэй базлалт нь ахиад 8 цаг хүртэл хугацаанд үргэлжилнэ. Тэгсний дараа л жинхэнэ төрөлт маань эхэлнэ дээ. Хэрвээ чи хүсвэл базлалт хоорондын зай 5 минут болтол гэртээ байсан ч болно.
Тэрнээс наана эмнэлэгт очвол чамайг “Болоогүй байна” гээд буцаагаад явуулчих магадлалтай. Эмч нар нь хайхрамжгүйдээ биш юм шүү, өөрт танил болсон орчиндоо байвал эмэгтэй хүн илүү тайван, стрессгүй байж чадна. Харин эмнэлэгт очвол тух алдаж, бусад төрөлт нь дөхсөн эмэгтэйчүүдийг харан стресстэж, байн байн эмчид үзүүлэх болгондоо сандрах болно. Үүний үр дүнд базалж, тэлж байх ёстой булчингууд чангаран хумигдаж, савны амсар олигтой нээгдэж өгөхгүй удсаар өнөөх “өвтгөдөг тариа”-г хийлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч магадгүй. Ингэвэл амар хялбар, байгалийн жамаараа өрнөх ёстой байсан төрөлтийг бүр хүндрүүлж орхино гэсэн үг.
Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох аргуудын талаар мэддэг байх хэрэгтэй. Төрөлтийн үед биеэ суллах, тайван, итгэлтэй байх, амьсгалаа зохицуулж сурах хэрэгтэй. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийнхөө амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг багасгаж чадна. Үүний тулд:
Биеэ суллах
Амьсгалаа зохицуулах
Биеэ аль болох өөртөө эвтэй байрлалд байлгах
Урдаа юм түшин сөгдөж суух
Урагш хойшоо хөдлөх
Нөхөр, ойр дотны хүнтэйгээ хамт байж, тэдэнтэй ярилцах нь өвдөлтийг хөнгөвчилнө.