Өнгөрсөн долдугаар сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл, өрхүүд үерт автсан байна. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргажээ.
Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монгол Улаан Загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд 240,300 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгосон байна.
Мөн бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламж буюу нийт 70,0 сая төгрөгийн бараа материалын тусламжийг үзүүлжээ. Ингэснээр Ховд аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд МУЗН-ээс 115,0 сая төгрөгийн тусламжийг олгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.