Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа хамгийн их өнгөрүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн замбараагүй үйл ажиллагааг цэгцлэх үүргийн НИТХ-ын дарга С.Амарсайхан өгөв. Иргэдийн зүгээс амрах зугаалах орчин шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг, гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэх гомдлыг түлхүү гаргажээ. Энэ дагуу өчигдөр С.Амарсайхан дарга холбогдох албаны хүмүүстэй хамт нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр Хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн, удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх ёстой. Цөөн хүний эрх ашиг орлогийн төлөө бус нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгч аюулгүй байдлыг бүрэн хангуулах шаардлагатай байна” хэмээжээ.
НМХГ–аас ажлын хэсэг гарч 15 чиглэлээр шалгалт хийж эхэлсэн бөгөөд нийслэлээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тул бүх чиглэлээр хяналт, шалгалтуудыг хийж байна. Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн шаардлагатай шийдвэрүүдийг НИТХ–ын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ нь 183 га талбайтай 110 ажилтантай үүнээс 24 нь харуул хамгаалалтынх үлдсэн нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажилчид байдаг. Талбайн хэмжээтэй харьцуулбал хүн хүч дутмаг тул задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад хүрэлцээгүй байдаг гэж ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ.