Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын төрийн захиргааны байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган протколд гарын үсэг зурлаа.
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яамыг төлөөлж Ду Жианг нар тэргүүлэн оролцож, үг хэлэв.
Талууд гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцож, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Цайны зам” санаачилга болон Аялал жуулчлалын сайд нарын Хоёрдугаар хуралдааны протоколын мөрөөр хэрэгжсэн ажлуудын талаар
Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын төрийн захиргааны байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгав.
Талууд 2017 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын хамтарсан “Цайны зам”-ын олон улсын холбооны хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах бизнес аялал зохион байгуулагдаж, гурван улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг сайшаав.
Талууд хил орчмын хотуудын аялал жуулчлалын нэгдсэн түвшинг ахиулах, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах механизм бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хил дамнасан аялал жуулчлалын маршрут бий болгохыг дэмжив.
Талууд гурван талт хамтын ажиллагаа цаашид бүхий л төрлийн аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлж, гурван улсын найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тэргүүлэх чиглэлийн төслүүд болон дараагийн шатны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар
Талууд шууд нислэгийн давтамж нэмэгдсэнээр гурван улсын хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээний цар хүрээ тэлж, үйлчилгээний чанар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.
Талууд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр гурван талд ажлын байр нэмэгдэн тухайн бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох талаар анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.
Талууд аялал жуулчлалын салбарын зах зээл, нөөц бололцоо, боломжийн талаарх холбогдох статистик мэдээлэллийг харилцан солилцох, тоо баримтыг харилцан солилцохыг тохиролцов.
Талууд цаашид Эдийн засгийн коридор хөтөлбөрийн аялал жуулчлалын салбарын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шат шатны төр болон хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв.
Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд бүх талын, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлооход аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр ихээхэн чухал болсоор байгаад талууд санал нэгдэв.
Талууд хамтын ажиллагааны дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Үүнд:
- Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах боломжийг эрэлхийлэх;
- Орон нутгийн аялал жуулчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, зочид буудал, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тодорхой зорилго бүхий соёлын, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;
- “Цайны зам” олон улсын аялал жуулчлал брэнд бий болгох ажлыг үргэлжлүүлэх.
- Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулах тов болон газрын талаар
Энэ удаагийн хуралдаан найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг 2019 онд Хятад Улсад зохион байгуулахаар тохиролцов. Хуралдааны товыг талууд дипломат шугамаар тохирно.
Хятад болон Оросын тал Монголын талд хандан найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулсанд баяр хүргэв.
Уг Протоколд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколыг монгол, хятад, орос хэлээр тус бүр гурван хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй болно.