Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд цахилгаанд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай хуралдаан зарлалаа.
Хуралдааны эхэнд холбогдох албаныхан хэрэг явдал, нөхцөл байдлын талаар товч танилцуулсан юм. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Өчигдөр буюу долоодугаар сарын 5-ны өдөр 14:00-16:00 хооронд салхитай, хүчтэй аадар бороо орсон.
Энэ үеэр манай дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер буусан. Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн Зүүн салаа гэх газар дугуй унаж явсан Н гэх хүүхэд цахилгаанд цохиулан нас барсан хэрэг гарсан. Энэ дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт явуулж байна. Хариу бүрэн гараагүй.
Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд бүх албан байгууллагыг үүрэгжүүлж шалгалт хийсэн. Хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга өгч ажиллаж байна” гэлээ. Налайх дүүргийн Налайх цахилгаан түгээх төвийн дарга н.Баттөмөр “Өчигдөр 17:45 минутад Налайх дүүргийн цагдаагийн газраас Болор амралтын газрын орчимд 220-ын шугам унаж хүүхэд цахилгаанд цохиулсан гэсэн дуудлага бидэнд ирсэн.
Шуурхай баг 30 минутын дараа очиход “Болор” амралтын газраас 10 айл руу татсан өөрсдийн эзэмшлийн 15 тулгуурын 8 дахь тулгуур хазайсан байдалтай, хүчдэл нь газардуулгагүй хүчдэлтэй байсныг таслалт хийж чөлөөлсөн. Уг шугам нь Болор амралт анх байгуулагдахад ажилчдыг байрыг тэжээхэд зориулж татсан шонгууд юм” гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Мэргэжлийн байгууллагаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд 2018 оны нэгдүгээр сарын 30-нд цахилгаан эрчим хүчээр хангах дүрмийг баримталж ажиллаач гэсэн 3 заалттай мэдэгдэл хүргүүлсэн.
Мэдэгдлийн хариуг ирүүлээгүй. Энэ сарын 2-нд дахин мэдэгдэл хүргүүлсэн. Төлөвлөгөөт шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-нд хийсэн. Шалгалтын хэсэгт 11 улсын байцаагч орж багагүй зөрчил илрүүлсэн. УБЦТС ажилдаа маш хариуцлагагүй хандсан. Удаа дараа хяналт шалгалтын дүн, зөрчил дутагдлаа арилгах талаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч огт хариу ирүүлээгүй” гэлээ.
Мөн тэрбээр Нийслэлийн Засаг даргын өгсөн албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг дурьдаад “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам, биеийн тамирын болон тоглоомын талбайн судалгаа гаргаж шалгалт хийсэн.
Үүнд 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын 370 талбайд үзлэг шалгалт хийгдлээ. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлсэн. Цахилгааны шит, гэрэлтүүлэг шугам сүлжээний 224, траншейн, худгийн таг онгорхой 98, хурд сааруулагч шаардлагатай 16, хамгаалах хашаа шинээр хийх шаардлагатай 27, газар чөлөөлөх шаардлагатай 11, үерийн далан суваг, ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй хаяг рекламны самбар 26, хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангаагүй 102, шилэн кабел утас унжсан 205, бусад 46 зөрчил илэрсэн.
Энэ талаар бүх албан байгууллагад шаардлага хүргүүлж хугацаатай үүрэг өгсөн” гэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Дорноговь аймгийн харьяат 7 настай Д.Н гэх эмэгтэй хүүхэд амь насаа алдсан дуудлага ирсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Цахилгааны шонгийн гарал үүсэл, ямар байгууллага хариуцдаг, уг шонгийн ашиглалт талыг аль газар хариуцдаг гээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргана.
Зохих журмын дагуу шалгалт хийнэ” гэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой Туул голын орчмоор иргэд ихээр амарч зугаалж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл гаргаж цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, үер усны аюулаас болгоомжлох талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчлах ажлыг хийж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын өгсөн албан даалгаврын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч сургууль цэцэрлэгийн орчимд шалгалт хийсэн. Одоогоор 6 дүүргээс тайлан мэдээ ирсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулийн орчмын эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан.
Төсөв мөнгөтэй холбоотой тохижилт, хүүхдийн аюулгүй орчныг бий болгох тал дээр ирэх оны төсөвт улс, нийслэлийн төсөвт санхүүжилт тавиулахаар төсөл боловсруулж байна” гэлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуй нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Манайхаас жил бүр холболтын таггүй ил задгай шонг цэгцэлдэг. Энэ жил нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу үндэсний их баяр наадмаас өмнө ил задгай холболттой шонг цэгцлэх ажил хийгдэж байна. Эхний шатны тооллогоор 1800 гаруй таггүй задгай холболттой шон байна гэж мэдээ ирсэн.
Нарийвчилсан самналт явуулахад гэр хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн газарт таггүй задгай холболттой 2640 шон байсан. Өнөөдрийн байдлаар 1693 шонг засварлан тагжуулж, 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяраас өмнө бүрэн дуусна. Шонгийн таг нь төмрөөр хийгдсэн байдаг учир хулгайд алдагдах нь их.
Тиймээс жил бүр тагжуулах ажлыг хийдэг. Мөн Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байна. Дуудлагын дагуу, иргэдийн сошиалаар ирүүлсэн гомдлыг тухай өдөрт нь шийдвэрлэж зөрчлийг арилгаж байгаа” гэв. Холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүүхэд харамсалтайгаар осолдож амь насаа алдсан тохиолдол ойр ойрхон гарч хүмүүст хариуцлага, сахилгын асуудлыг сануулж байна.
Мэргэжлийн байгууллагууд болон дүүргийн Засаг дарга нар, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд хэн бүхэнд хамаатай асуудал учраас ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Үндэсний их баяр наадмын үеэр бүх байгууллага хариуцлагатай жижүүр ажиллуулж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шуурхай багийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэй” гээд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Хэдийгээр эрчим хүчний байгууллага босоо удирдлагатай ч гэсэн хүүхэд эндсэн энэ асуудлууд эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн нутаг дэвсгэрт гарч байгаа учир та бүхэнтэй холбогдохоос өөр арга алга. Эрчим хүчний дүрэм журам, зааврыг зөрчсөнтэй холбоотой эдгээр ослууд гарсан гэж хэлж болно.
Зөвшөөрөл олгодог байгууллага үүнд онцгой анхаарах хэрэгтэй. УБЦТС болон баруун болон зүүн цахилгаан түгээх салбарууд энэ зундаа багтаж үзлэг шалгалт хийж солих шаардлагатай шонгуудыг сольж, стандартын шаардлагад нийцүүлэх талаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангахдаа эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллах, өмнөх албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Тэрэлжийн амралт, зуслан дагасан амралт, суурьшлын бүс хэт задгай байгааг цэгцлэх, газар олголт, зөвшөөрөл зэрэгт шалгалт хийж дүнг энэ сарын 20-ны дотор танилцуулахыг Налайх дүүргийн Засаг даргад, голын сав дагууд амралт зугаалгаар явж буй иргэд олширдог зуны улиралд завьт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг, мөн иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газарт тус тус үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4 comments
tsahilgaan tugeeh suljeeniihen ajliin ymar ch emh tsegtse deg juram baihgui hamgiin baliar gazar.ylanguya ter baynzurh duurgiin shugam suljee buur dargaas avahuu;laad ymar ch hariutslaga uhamsar baihgui.bi bol tedniig dunhuu gej helne.ajilchid ni gej gadaa narlasan tamhi tatsan huviin ajlaa huutsuldsun humuus bdag.hudlaa gevel ugluu oochood shalgaad uzeerei.hun amidraagui ailiin tognii mungiig shuud l 20 gargaad bichdeg ovoo muu garuud bdag.dargad ni heleheer tanaih harin baga garsan bna gej balairdag balainuud bga daa.baynzurh duurgiin tsahilgaan shugmiinhan gej.
Даваасүрэн доор байгаа хүмүүсээ ажиллуулж чадахгүй төрийн нарийн нь гэж авилгалын загалиайлсан эцгүүдийн үр сад одоо чи ажиллаж чадахгүй бол болиочээ
ер нь нилээн хулгайч сэтгэхүйтэй байгууллага л даа. Авилгал авч 380 тавина.Танил талдаа хулгайгаар тог өгнө.Өөрсдөө ч хулгайгаар тог хэрэглэж байгаа. хувьчлах хэрэгтэй
инженер ионтёрууд нь дандаа халтуур хийж бдаг