“Аз жаргалтай хот” гэгдээд байгаа нийслэл хотын өнгө үзэмжийг нэмсэн нэгэн шинэ бүтээн байгуулалт явагдаж дуусчээ.
120 мянгатын автобусны буудлын дэргэд дэлхийн таван тивд байдаг 40 орчим төрлийн 200 гаруй ан амьтны дүрсийг хуванцар нийлмэл материалаар хийж, ногоон зүлэг, усан оргилуураар чимэглэсэн нэгэн цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийгээд хэдхэн хонож буй хэдий ч хүүхэд багачууд, аав ээж, эмээ өвөө нарын дуу хуур, инээд баясал цалгисан газар болж хувираад байна.
Багашаархан амьтны хүрээлэн ч гэж хэлж болохоор энэ цэцэрлэгт хүрээлэн баригдсан газрыг 2011 онд “Алтай констракшн” компани барилга барихаар зөвшөөрөлгүй авахыг оролдсон хэдий ч эндхийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар тухайн үеийн хотын даргын оролцоо, мөн шүүхийн шийдвэрээр газрыг нийтийн өмчид хэвээр үлдээсэн түүхтэй.
Тэгвэл иргэдийн тэмцэж байж авч үлдсэн газарт Хан-Уул дүүрэг өөрсдийнхөө хөрөнгөөр ийнхүү бүтээн байгуулалт хийсэн нь энэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн засвар, үйлчилгээг дүүргийн Тохижилт үйлчилгээний төв цаашид хариуцан ажиллах аж.
Улаанбаатар хотын сөөм газар бүрт өндөр барилгууд баригдаж, түүгээр нь хэн нэгэн бизнесмэн мөнгө олж байх ёстой гэдэг хоцрогдсон, дээрэнгүй ойлголтыг эвдэж чадсан энэ бүтээн байгуулалтанд олон хүн ам сайтай байгааг хэлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
1 comment
МОНГОЛЧУУДДАА ТААРСАН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН БОЛЖЭЭ, ӨВӨЛ БҮГД ТАС ХАР ЮМНУУД БОЛНО