Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг энэ жил 110 компанийн шугамаар 12.000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ. Гэтэл жуулчдад Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг бүр нь 25 ам.долларын үнэтэй 2500 суудал буюу наадмын тасалбар олгож байна. Энэ тоог үзэх хүсэлтээ ирүүлсэн жуулчдын тоонд харьцуулбал ердөө 20 хувьтай нь тэнэцэнэ.
Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Энэ салбарын хүндийг олон жилийн турш Монгол Улсын татвар төлөгч компаниуд нуруундаа үүрч, улс орноо сурталчлан таниулж, харилцагч компаниуд, жуулчдад куны хамгийн түгжрэлтэй үед нисэх онгоц, төмөр замын тийзийг өндөр үнэ төлөн байж эх орондоо авч ирдэг. Нэг жуулчин дунджаар 2000 ам.долларыг Монголд аялахдаа зарцуулдаг. Жил бүрийн долдугаар сард манай улсад ирдэг гадаадын жуулчид жилийн нийт жуулчны 17 хувийг бүрдүүлж байна. 2018 онд дунджаар 90.000 орчим жуулчин ирнэ гэсэн тооцоо байна. Тэдний олонх нь манай улсын аялал жуулчлалын үндсэн имиж, олон улсад өрсөлдөгч давуу тал болох ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монгол наадмыг үзэхээр ирдэг. Тиймээс жуулчдад зориулсан суудлын тоог 1000-аар нэмж өгөх хүсэлтийг албаны хүмүүст тавьсан” гэв.
Сонирхуулахад, Монгол Улс 2017 оны байдлаар 471094 гадаадын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын компаниуд 400 сая ам.долларын орлого оруулж, нийт 60.000 хүнийг ажлын байраар хангажээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин