Энэтхэгийн засгийн газрын тоо баримтад дурдсанаар 2007-2016 оны хооронд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг энэ оронд 83 хувиар өссөн бол өнөөдөр цаг тутамд дөрвөн эмэгтэй хүчиндүүлжээ. Үнэлгээнд нөлөөлсөн хүчин зүйлүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хөдөлмөрийн боолчлол, хүсээгүй гэрлэлт, сэкс боолчлол зэрэг үзэгдлүүд багтжээ.
Thomson Reuters Foundation байгууллагын явуулсан судалгааны шинэ тайланд Энэтхэг улсыг эмэгтэй хүнд хамгийн аюултай улс гэж тодорхойлжээ. Уг судалгааг явуулахдаа Европ, Ази, Африк, Америк, Номхон далайн бүс нутгийн 550 мэргэжилтнүүдээс санал авах аргыг ашигласан байна.
Эрдэмтэд, анагаах ухааны салбарынхан, төрийн бус байгууллагууд, улс төрчид, хууль хэрэгжүүлэгчид, нийгмийн ажилтнууд байсан гэнэ. Энэ оны эхээр Хинду шүтлэгтэй найман эр бага насны муслим охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарч байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Котвали Нагар хотод болсон хуримын үеэр долоон настай охиныг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарч байжээ.
Саяхан 16 настай охиныг гэрт нь хүчиндэж, амьдаар нь шатааж алсан хэрэг гарсан юм. Энэтхэгийн араас Афганистан, Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, Ардчилсан Конго, Йемен, Нигери, АНУ гэсэн улсууд эхний 10-т жагсав.