Хүмүүсээс болоод арслан, бар, баавгай зэрэг зэрлэг амьтад өдрийн амьдралаа шөнөөр сольж байгааг судлаачид олж тогтоожээ. Хүмүүсийн үйлдэл байгальд ихээр нөлөөлж байгааг эрдэмтэд эртнээс мэдэж байсан. Гэвч сүүлийн судалгаагаар зэрлэг ан амьтад хүнтэй тааралдахгүйн тулд амьдралын хэмнэлээ өөрчилж, шөнийн амьдралтай болж эхэлснийг мэджээ.
Судалгааг ахалсан Калифорний их сургуулийн экологич Кэтлин Гэйнор “Бид ууланд, модонд алхахдаа ямар ч ул мөр үлдээгээгүй гэж боддог. Гэвч үнэндээ бид арилшгүй нөлөө үлдээж байна” гэж ярьсан байна. Түүний багийнхан дэлхийн зургаан тивийн 62 төрөл зүйл амьтныг оролцуулсан 76 судалгааны материалыг харьцуулан судалжээ.
Үүнд Танзаний арслан, Бразилийн минж, Калифорний чоно, Польшийн баавгай, Балбын бар зэрэг амьтад багтаж байна. Эндээс судлаачид аялал зугаалга, ан гөрөө, хөдөө аж ахуй зэрэг хүмүүсийн үйл ажиллагаа зэрлэг амьтдын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тогтоожээ. Үр дүнд нь хүний үйл ажиллагаа зэрлэг амьтдын шөнийн идэвхийг дунджаар 20 хувиар нэмэгдүүлснийг мэдсэн байна.
Үүнд огт шөнийн амьдралгүй амьтад ч багтжээ. Өчигдрийн “Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланг үзсэн мэргэжилтнүүд урьд өмнө огт хөндөж байгаагүй өнцгөөс харсан ажил гэж сайшаасан байна. Гэйнор “Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр, санаатайгаар биш зэрлэг байгальд ийм том нөлөө үзүүлж байгаа нь айдас төрүүлж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Associated Press