Х Түц продакшны залуу жүжигчин Н.Баясаа их л завгүй ажиллаж байгаа сурагтай. Энэ их завгүй ажлын үр дүн мэдээж шинэ уран бүтээлүүд гэдэг нь тодорхой. Тиймээс түүнийг зорьж, шинэ, сонин, содон мэдээлэл дүүрэн яриа өрнүүллээ.
-Н.Баясааг хараад хошин урлагийн жүжигчин гэдгээр нь танихгүй хүн ховор байх. Гэхдээ хувь хүн талаасаа өөрийгөө товч танилцуулаач.
-Би Улаанбаатар хотын уугуул. 2004 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд СУИС-д элсэн орсон. 2008 онд жүжигчний ангийг төгссөн. 2009 оноос Х Түц продакшнд орж ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ аз жаргалтай амьдарч байна. Дуртай ажлаа хийгээд, хүсэл мөрөөдөлтэй, хайртай хүмүүстэйгээ хамтдаа жаргалтай амьдарч байна даа.
-Жүжигчин Н.Баясаагаар ойрын үед уран бүтээлийн ургац арвин уу. Шинэ сониноосоо хуваалцахгүй юу?
-Би сургуулиа төгсөөд л “Х Түц” продакшндаа орсон, одоо найман жил боллоо. Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд ах эгч нартайгаа ажиллаж, тэднээсээ их зүйлийг сурч байгаа. Одоо ингээд өөрийн бие даасан контент болох “Бурхан буусан өдөр” цувралаа хийж байна. “Х Түц” продакшны хувьд бол жилийн хугацаанд тайзны уран бүтээлээ завсарласан. Одоо дэлгэцийн уран бүтээл рүү хандаж маш гоё бүтээлүүдийг хийж байгаа. Гэхдээ энэ зун ч гэсэн сонирхолтой уран бүтээлүүд хийнэ. Удахгүй шоу тоглолтуудаа хийж эхэлнэ.
-“Бурхан буусан өдөр” гээд нэрнээсээ эхлээд сонирхол татаж байна л даа. Шинэ контентоо танилцуулъя. Ямар жанрын бүтээл вэ?
-Энэ контент маань нийт найман ангитай. Бүх насныхан үзэх боломжтой контент болж байгаагаараа давуу талтай. Хамгийн гол нь өнөөдөр Бурхан буугаад ирвэл яах вэ? гэдгийг л харуулах гэсэн юм. “Бурхан буусан өдөр” контентын жанр бол +17-гоос өөр, “фантази комеди” жанрын бүтээл. Ерөнхийдөө бурхан буугаад ирнэ гэдэг чинь фантазтай, хийсвэр зүйл шүү дээ. Тэгээд дээр нь инээдмийн кино. Бусад улс орны хийсвэр кинонууд маш их байдаг л даа. Бурхантай, сахиусан тэнгэртэй гээд киноны ийм тусдаа нэг төрөл байдаг юм. Ер нь фантази комеди мюзик, фантази драм ч гэж байна. Тэдгээрийн нэг төрөл нь “фантази комеди” юм.
-+17 цувралтай дөхөм санагдлаа. Юугаараа өөр байж чадах вэ. Онцлогийг нь ярих уу?
-Би +17 цувралын 10 анги дээр нь найруулагчаар нь ажилласан. Ямар ч байсан найруулгын тал дээр нь ажилласан эхний контент маань маш амжилттай болсон. Мөн “Босго фильм”-ийн залуус энэ цувралын 10 ангийн зураг авалт, монтаж, треллер зэрэг бүх гүйцэтгэл дээр нь ажилласан байгаа. Үүний араас “Босго фильм”-ийн хийж бүтээе гэсэн залуучуудтайгаа хамтраад бид арай өөр төрлийн цуврал хийж эхлээд байна. Хамгийн гол нь уг контентод ёс бус үг хэллэг агуулагдаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн түрүүн дурьдсанчлан жанрын хувьд ч онцлогтой. “Бурхан буусан өдөр” хэмээх контентынхоо эхний ангийг IPTV буюу Shymedia, Univision, LookTv, Ddish-ийн видео санд оруулсан. 14 хоногийн дараагаас хоёр дахь ангиа гаргана.
-“Бурхан буусан өдөр”-өөр хэлэх гэсэн санаа нь юу юм бол?
-Бидний анх энэ зохиол, сэдвээ ярьж байхдаа хамгийн том хэлье, хийе гэсэн зүйл гэвэл, яг одоо бурхан буугаад ирвэл энэ нийгмийн хүмүүс яах вэ гэдгийг харуулах юм. Монголын яг энэ нийгэмд бурхан бууж ирээд ч нэмэргүй болчихсон зүйл байна. Түүнийг бас бид анги болгоноороо ойлгуулъя гэж зорьж байгаа. Ямартай ч эхний анги үзэгчдэд хүрээд байна. Үзсэн хүмүүс ам сайтай байгаа. Энэ ангид ерөнхийдөө залуучуудын зугаа цэнгэл, найр наадам, шоудалт гэдэг зүйл заримдаа хэтрээд байдаг. Үүнийг уран сайхны аргаар ойлгуулъя гэж бодож хийсэн.
-Нэгдүгээр анги нь гараад эхэлсэн. Үзсэн хүмүүст хоёрдугаар ангийн хүлээлт үүсээд эхэлсэн байх. Хоёрдугаар ангийг хэзээнээс видео санд оруулах юм бол. Нууц биш бол энэ ангиар юу өгүүлэх вэ?
-Хоёр дахь анги зургадугаар сарын 25-н гэхэд видео санд орно. Тэгэхээр үзэгчид наадмын үеэр бас үзэх юмтай болно. Хоёр дахь анги маань бас их сонирхолтой байгаа. Нууцаас задлахад, энэ ангид хүн өөрөө өөрийнхөөрөө байж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох хэрэгтэй гэдгийг ойлгуулах санаатай. Худлаа ярьж, бусдыг залилаад байвал хол явахгүй гэдгийг харуулахыг зорьсон. Ер нь бидний хамгийн давуу тал бол энэ киног үзээд хүмүүс “нээрээ тийм юм даа” гэсэн тодорхой ойлолт авч үлдэх юм. Зарим контентыг үзээд зүгээр л инээдэг, цагаан инээд авдаг шүү дээ. Харин “Бурхан буусан өдөр” контентын анги болгон нь өөр өөр санааг илэрхийлнэ, үзэж байгаа хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлголт, бодлыг авч үлдэнэ.
-Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид болон жүжигчдээсээ танилцуулаач.
-Би чинь жүжигчин хүн шүү дээ. Тэгэхээр энэ кинондоо өөрөө тоглож, гол дүрийг бүтээж байгаа. Энэ кинонд маань Эмоци продакшны жүжигчин Төөдөө ах, Ганбаа ах, үнэг Цоомоо буюу Намуунаа, Эмоцийн Номин, саяхан СУИС-ийг төгссөн, сүүлийн үед кинонуудад маш их тоглож байгаа Энхүүш, Энхүүлэй гээд хоёр залуу, Х Түц продакшны жүжигчин Зоригоо гээд маш олон хүн тоглож байна. Үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс маш олон жүжигчдийг оролцуулж байгаа. “Босго фильм”-ийнхэн гэж миний үе тэнгийн залуучууд байгаа. Ган-Очир гээд хоолой бичдэг, найруулдаг залуу байна. Өлзий гээд мотажчин, зураг авдаг залуу бий. Жижиг Өлзий гэж бас графикч байна. Өөнөө гээд бид их олуулаа.
-Ер нь хошин урлагийнхан гэр орондоо, ажлын бус цагаар ч, ер нь их алиа хүмүүс байдаг уу?
-Үгүй шдээ, манайхан ингэдэг байхгүй юу. /сурв: инээв./ Хүмүүс харин тэгээд байдаг юм. Амьдрал дээрээ өөр шдээ. Энд тэнд найр наадам, найз нөхөд дээрээ хаяа очно. Тэгэхээр “За Баясаа, нэг инээлгэчих” гэдэг. Юу гэсэн үг вэ, бид нар яадаг улс юм бэ. Амьдрал дээрээ дандаа тэгээд байвал сонин. Энэ чинь мэргэжил. Тайзан дээр нэг өөр хүн болж харагдах өөр. Амьдрал дээр байдгаараа л байна. Гэхдээ мэргэжлээс хамаараад ч юм уу, хошин урлагт байдаг болоод ч тэр үү, энд тэнд очихоор ер нь өөрөөсөө гоё энергитэй байдаг санагддаг юм. Хүмүүсийг гоё инээлгээд, эерэг энергитэй байдаг юм.
-Хүмүүсийг инээлгэх ажил хийдэг хүмүүс хошин шогийн их мэдрэмжтэй байдаг байх, дээр нь их гярхай, эмзэг байдаг уу. Сэдвээ яаж олдог вэ?
-Ерөнхийдөө жүжигчин мэргэжлээр явахад давхар хүн судлаач мэргэжлийг дипломгүй ч гэсэн эзэмшдэг. Хүнийг судлана гэдэг нь гаднах байдлаар нь ч, дотоод сэтгэлээр нь ч бүхлээр нь судлана гэсэн үг. Ер нь бид нар их өлөн. Энд тэнд, хаа ч явж байхдаа хүмүүсийг харж, битүүхэндээ судалгаа хийгээд явдаг гэж болно. Аль болох олон мянган хүмүүсээс сонин содонг нь харж явдаг. Хошин урлаг, инээдмийн кинонуудын нэг давуу тал юу вэ гэхээр нийгэмд болохгүй байгаа асуудлыг маш сайн шүүмжилж чаддаг. Урлагаар дамжуулж хүмүүст маш их зүйлийг ойлгуулж, ухааруулж өгдөг гэж боддог. Тэгэхээр бид эхлээд юу болохгүй байна гэдгээ ярилцана. Араас нь ямар дүр байх вэ гэдгээ хэлэлцэнэ.