“Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2018.04.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун санаачлан боловсруулсан аж. “Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Батчулуун “Дээрх хуулийн төсөлд” хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалт нь адууг эрлийз, Монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр, намаар нь ялгах санаа агуулсан байна.
Энэ нь чухамдаа бүх адууг ялгалгүй уралдуулъя гэсэнтэй санаа нэг.Одоо эрлийз морьдын сэрвээ өндөр байсан цаг үе өнгөрч үржүүлэг хийж байгаа уяачид одооны стандартад нийцүүлсэн адууг гарган авдаг болсон тул уяачдын яриагаар 50 хувьтай, 25 хувьтай эрлийз адуу монгол морьдтой хамт уралдах боломжтой болж байгаа учраас энэхүү заалтыг дэмжих боломжгүй.
Үүний оронд хурдан морины уралдааныг эрлийз, Монголоор нь ялгахын тулд генетикийн түвшинд нь ялгах хэрэгтэй. Энэ нь бүрэн боломжтой. Эрдэмтэд адууг генетикийн түвшинд эрлийз, монголоор нь ялгах бүрэн боломжтой гэж хэлж байгаа.
Хоёрдугаарт, төсөл санаачлагчид азарга, их насны морь түрүүлж, айрагдуулж байж улсын цол авдаг байсан дээр соёолон насны морийг нэмж оруулахаар төсөлд тусгасан байна. Азарга их насны уралдаанд 12-15 настай морь уралддаг бол соёолонд нэг жилийн чацуу төл уралддаг зүй тогтолтой нарийн зүйлс байдаг.
Дээрх өөрчлөлт орвол өнөөдөр байгаа алдарт, манлай, тод манлай цолтнуудын тоог нэмэхээс өөр ид шид үгүй. Улсын их баяр наадамд азарга, их насны морьдыг түрүүлгэж, айрагдуулах нь асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил болдог.
Үүн дээр соёолон насны морины уралдааны амжилтыг нэмчих юм бол одоо байгаа 300 гаруй улсын цолтнуудын тоо 1000 –д хүрнэ. Тиймээс дэмжих боломжгүй байна” гэлээ. Мөн тэрээр хууль санаачилж байгаа хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн, уядаг морьддоо тааруулсан хуулийн төсөл санаачилж болохгүй. Монгол түмний, монголын нийт эрх ашиг, хүсэл сонирхлыг хамруулсан байх нь зүй ёсонд нийцнэ хэмээн хэлсэн юм.
Тиймээс “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс монголын нийт уяачиддаа хандан дараах уриалгыг гаргасан байна.
УРИАЛГА “МОРИН УРАЛДААНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН”-өөс
Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт уяач, малчид, хурдан моринд сонирхогч, дэмжигч та бүхэнд хандан энэхүү уриалгыг гаргаж байна. Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний их соёлыг хойч залуу үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь энэ соёлд үнэтэй хувь нэмрээ оруулж явдаг уяачдын санал бодлыг түлхүү тусгах нь хамгийн чухал юм.
Нэгдүгээрт Монгол улсын бүх сумдаас энэ асуудлаар тус бүр нэг уяач, төлөөлөлөө оролцуулан “Уяачдын улсын чуулган”-ыг зохион байгуулж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх төлөөллийн олонхийн саналыг тусгах.
Хоёрдугаарт улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз, монголоор нь генетикийн түвшинд ялгах хүртэлх хугацаанд морьдын үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг харгалзан үзэж уралдуулж байх.
Гуравдугаарт эрлийз морьдоо сонгомол байдлаар нь хөгжүүлж тойруулга болон ойрын зайн уралдааныг хөгжүүлэх, эрлийз, цэвэр цусны адууг ялган спортын чиглэлээр тусад нь уралдуулах.
Дөрөвдүгээрт Монголын уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх, монгол морьны уралдааныг монголоор нь авч үлдэх
МОРИН УРАЛДААНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН