Үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд найман настай хүүг хөнөөсөн гэмт этгээдэд холбогдох хэргийг хууль хүчний байгууллага хоёр жил гаруйн дараа шүүн тасалсан байна. Учир битүүлэг энэ хэргийн зангилааг талийгаач хүүгийн ээж аав тайлж, холбогдох байгууллагад удаа дараа гомдол гаргаснаар гэмт хэрэгтэн зохих ялаа үүрчээ.
1982 онд төрсөн Р.Ганзориг гэгч нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг дэвсгэр “Их Сайр” хэмээх газарт 2016 оны аравдугаар сарын 30-нд биеэ хамгаалах чадваргүй, сэтгэцийн өвчтэй охиныг хүчирхийлж байсныг найман настай хүү П.Баяр олж харжээ. Ингээд болиулахыг завдтал гэмт этгээд хүүг боомилон ухаан алдуулаад охиныг дагуулан хүүг хашааных нь шонгийн дэргэд өөрийгөө боомилсон мэт харагдуулахаар орхижээ. Харин О.Наранцацралт гэх охиныг “Олон юм яривал ална шүү” гэж сүрдүүлсэн байна. Энэ тухай охин хүүгийн аав ээжид сүүлд хэлээд уйлсан аж. Хүүгийн аав ээж энэ бүгдийг аймгийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэж, ахмад өмгөөлөгч Н.Сосорбарамыг Улаанбаатар хотоос дуудан, хэргийг шинэ баримт дээр тулгуурлан шалгуулж эхэлсэн байна.
Хэргийн гэрч болох О.Наранцацралтад үзлэг хийсэн эмч нар “Оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолтой, хэргийн талаар болон болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай. Энэ хүний ярьж байгаа нь бодит үнэнд нийцнэ” гэх дүгнэлт гаргасан байна. Улмаар Р.Ганзоригт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр бусадтай үгсэн тохиролцож үйлдсэн хэргээ нуун далдлах гэж оролдсон нь тогтоогдсон байна. Түүнд холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман настай хүүхэд хөнөөсөн, бусдыг хүчирхийлсэн хэргийг шүүн тасалсан байна. Шүүхээс 1982 онд төрсөн Р.Ганзоригт сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хамгаалах эсэргүүцэх үзүүлэх чадваргүйг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орсон, хэргээ нуун далдлах зорилгоор бага насны хүүхдийн аминд хүрсэн гэх үндэслэлээр 15 жил хорих ялыг хаалттай шоронд эдлүүлэх шийдвэрлэжээ.
Р.Ганзориг гэгч нь талийгаач хүүгийн аав Пүрэвийнхтэй саахалт байсан бөгөөд хонио харахаар явахдаа дээрх хэргийг үйлджээ. Тухайн үед намаржаанд буусан саахалт айлууд шинэ хосын хуримын ажилд бэлдэхээр завгүй байсан аж. Хүүгийн аав ч мөн адил хүнсний зүйл бэлдэхээр аймгийн төв рүү явсан хойгуур дээрх хэрэг гарчээ. Анх хэргийг шалгаж байсан цагдаа нар хүүг амиа хорлосон гэдэгт итгэсэн бөгөөд прокуророос хаах шийдвэр гаргаж байжээ. Харин ээж аавдаа огт загнуулж үзээгүй Баяр гэх хүү нь амиа хорлосонд огт итгээгүй эцэг эх нь тухайн өдөр юу болсныг эргэн санаж, гэрт нь ирээд удаагүй байсан О.Наранцацралт гэх сэтгэцийн өвчтэй охин юм нуугаад байх шиг байсныг санаж, мөн Р.Ганзориг гэгч нь төд удалгүй үг хэлэлгүй нүүж явсан төдийгүй 49 хоногийн буяны ажил дээр нь ирээгүйд нь сэжиглэж, хардах болсноор хэргийн зангилааг тайлсан байна.