“Энэ улс төрчдийн ашиг орлогын дэргэд миний бизнес ч дээ ТҮЦ-ний наймаа л юм байна гэж Буянгийн Жагаа хэлсэн” гэсэн онигоо ч юм уу, болсон явдал ч юм уу нэг тийм явган яриа олон нийтийн дунд 2000 оны эхэн үеэр нэлээн хүчтэй дэлгэрсэн юм.
Энэ яриатай зэрэгцээд “төрөөс төрсөн тэрбумтангууд” гэсэн хэллэг ч бий болсон. Үнэхээр 2000-аад оноос хойш арав гаруйхан жилийн дотор хэдэн зуун хүн “төрөөс төрсөн тэрбумтан” болж хагартлаа баяжсан. Одоо энэ бүхэн нэгэнт улиг болсон зүйл.
Харин 2000 оны эхэн үеэс эхлэн улс төрчид яагаад гэнэт баяжиж хөлждөг болчихов? Тэд тэр их хөрөнгө мөнгийг хаанаас бий болгоод байна вэ? Хэн тэдэнд тийнхүү гэнэт, огцом баяжих боломжийг олгоод байна вэ? Эдгээр асуултуудын хариултыг олох нь ядуурал, ажилгүйдэл, баялагийн тэгш бус хуваарлалт гээд олон зүйлийн үндсэн учир шалтгааныг танихад чухал ач холбогдолтой юм.
Түүх сөхье. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа иргэн Ламжав “Үндсэн хуулийн цэц”-д УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн өргөдөл гарган ялалт байгуулж байсан байдаг. Өнөө санахад энэ ялалт нь 1990 оны ардчилсан хувьсгалын ялалтаас дутахгүй үнэ цэнтэй “ялалт” байжээ гэдэг нь улам л тодроод байгаа.
Учир нь 90 оны хувьсгал хуарангийн нийгэм дэх оюун санаа, өмчийн тэгшитгэлээс олон нийтийг чөлөөлсөн бол иргэн Ламжавын тэрхүү “ялалт” зах зээлийн нийгэмд засаглалын эрх мэдэл даган үүсэн бий болох хулгай, дээрэм, эдийн засгийн дарангуйллыг хуулиар хазаарлан зогсоож болох юм байна гэдэг гарцыг нээсэн билээ. Гэвч иргэн Ламжавын энэ гавьяа эрх мэдэлтнүүдэд таалагдсангүй.
Ялсан намынхан “бялуу хуваах” нэрээр Засгийн газрын эрх мэдлийг хуваан авч, Ерөнхий сайдыг “барьцаалах” байдлаар шунал хүслээ гүйцэтгэхэд нь “Үндсэн хууль” тэдэнд үргэлж гай болохыг тэд ойлгосон байна. Тиймээс тэд “Үндсэн хуулийг дордуулан өөрчлөх” ажилдаа ханцуй шамлан шуурхайлан орсон аж.
Улсын эрх ашиг дээр нэгддэггүй АН, МАН хоёр хувийн эрх ашиг дээрээ хачин эв нэгдэлтэйгээр ажиллан маш богино хугацаанд Үндсэн хуулинд өөрчлөлт хийн хууль тогтоогчдод санхүү, мөнгөтэй шууд хутгалдах бололцоог олгосон билээ.
Яг энэ мөчөөс эхлэн өнөөгийн засаглалын эрчимжсэн хямрал үүд хаалгаа нээн эрхэм гишүүд сайд болохын тулд нэг нэгнээ татан унагадаг, Засгийн газрыг хувийн эрх ашгийнхаа төлөө барьцаалдаг гажуудал газар авч эхлэсэн юм.
Энэ бүхний үр дүнд санхүүгийн эрх мэдэл дагасан “хууль ёсны хулгай” улаан цагаандаа гарч дээр дурдагдсан “төрөөс төрсөн тэрбумтануудын арми” бий болсон билээ. Энэ мэт засаглалын гажуудлууд, нийгмийн хөгжилд садаа болсон зүйлүүд товчхондоо “Үндсэн хууль”-ийн цоорхойтой л холбоотой. Нэг ёсондоо манай “Үндсэн хууль” эрх баригчдыг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх бүх бололцоог “хуульчлан” бүрдүүлж өгөөд байгаа юм.
“Хэнд эрх мэдэл буй түүнд нүгэл буй” гэж үг бий. Нэг сугандаа УИХ-ын гишүүний хавтастай, нөгөө сугандаа Засгийн газрын гишүүний хавтастай. Өөрөө өөртөө тааруулж хууль батлана, тэр хуулиа өөрөө өөртөө зориулж хэрэгжүүлнэ. Шаардлагатай бол өөрөө өөрийнхөө хэрэгжилтэнд “хөндлөнгийн хяналт” тавина. Ийм гаж засаглалын тогтолцоо нийгэмд эрүүл саруул үр дүн авчрах уу? Хэзээ ч үгүй. Харин эрх мэдэлтнүүдэд нүгэл үйлдэх боломжийг нэмэгдүүлэх үүд хаалгыг цэлийтэл нээж өгнө.
Манай эрх мэдэлтнүүдийн нүгэл нэмэгдэж биш үржиж өсөөд байгаагийн шалтгаан энэ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үг бас бий. Үндсэн хуулийнхаа гажуудлыг засахгүйгээр бид цаашдаа нийгмийнхээ гажуудлыг, засаглалынхаа гажуудлыг, санхүү мөнгөнийхөө буруу урсгалыг хэзээ ч таслан зогсоож чадахгүй. Тиймээс Үндсэн хуулийнхаа гажуудлыг засах цаг үеийн зайлшгүй шаардлага үүсээд байгаа.
Ялангуяа “Үндсэн хууль” даган бий болоод байгаа засаглалын хямралыг арилгахгүй бол нийгэм, улс орны цаашдын ирээдүй туйлын бүрхэг юм. Харин сүүлийн үед “Үндсэн хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн тухай яриа ихээхэн гарч байна.
Парламентийн албан ёсны цахим хуудсан дээр тавьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс үзэхэд харин ч дурдаад байгаа гажуудлуудыг засах заалтуудыг нэлээд тусгасан байна билээ. Яг үнэндээ манай Үндсэн хуулинд зайлшгүй хуульчилан тусгамаар хэд хэдэн зүйлүүд бий.
Тухайлбал, хууль тогтоогчдыг аль болохоор “давхар дээл өмсгөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, Ерөнхий сайд, Засгийн газрыг УИХ, Ерөнхийлөгчийн “барьцаанд орсон” байдлаас чөлөөлөн бие даасан байдлаар ажиллан дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, улсын төсвийг зөвхөн Засгийн газар дагнан төлөвлөж, төсөвт УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн популист амлалттай уялдсан үр ашиггүй нэмэлт төсөв оруулах сөрөг үзэгдлийг хаахаар хуульчилж өгөх, УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох, эгүүлэн татах механизмыг бий болгох, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг хангагч, үндэсний соёл, зан заншилыг сахин хамгаалагч, төрийн билэгдэл, ноён нуруу байх тал руу нь хуульчилан өгч, гүйцэтгэх засаглалтай холилдож хутгалдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, УИХ-ын сонгуульд нэр дэвших насны босгыг өндөрсгөж, залуучуудын хэт улс төржсөн хандлагыг саармагжуулах нөхцлийг бий болгох… гэх мэт. “Үндсэн хууль”-ийн өөрчлөлтийн төсөлд эдгээр зүйлүүд нэлээд тусгагдсан байна билээ.
Гэхдээ сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад эрх мэдэлтнүүд, улс төрчид Үндсэн хуулинд өөрчлөлт хийх туйлын дургүй байгаа гэдэг нь илт анзаарагдаад байгаа. Ялангуяа Монгол Ардын Намынхан туйлын хойрго янзтай байгаа. Болж л өгвөл чимээгүйхэн байж байгаад “Үндсэн хууль”-ийг энэ гажуудсан хэлбэртэйгээр нь байлгахыг хүсэх бүлэг энэ намд байгаа бололтой.
Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчнийх нь зарим улс төрчид “Үндсэн хууль” өөрчлүүлэхгүй, эрх баригчид олонхиороо түрэн Үндсэн хууль өөрчилж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэх гэж байна гэх зэрэг илэрхий улс төржсөн суртал ухуулга идэвхтэй явуулж байна. Олон нийтийн сонголтоор хууль тогтоогчид болсон УИХ-ын гишүүд хуулинд өөрчлөлт оруулах нь яахлаараа ч төрийн эсрэг гэмт үйлдэл болчихдог юм. Хууль санаачил, хууль сайжруул, хууль хэрэгжилтийг хяна гэж олон нийт гишүүдийг сонгодог.
Мөн түүнчлэн хууль санаачлах ямар ч эрхгүй зарим хүмүүс популист амлалт бүхий “Шинэ үндсэн хууль” гээчийг санаачилан орон даяар сурталчилан улс төрийн ашиг хонжоо илт хайж ард иргэдийг үймүүлж явна. Уг нь тэр хүмүүст Үндсэн хуулийн гажуудал байтугайг нь засчих боломж байсан уу гэвэл байсан.
Дээр байхаараа дүлий дүмбэ оргичихоод доошоо буугаад ирэхээрээ нэг л их олон нийтийн эрх ашгийг боддог хүмүүс болчихдог нь манай улс төрчдийн хэв шинжит төрх л дөө. Өнөөдөр Монгол Ардын Намынхан яг энэ дүлий дүмбэ төрхөн дээрээ тавьчихаад байгаа юм. Тэд нэг өдөр доошоо буугаад ирэхээрээ Үндсэн хуулийн гажуудлыг Ардчилсан Намынхан хийлгээгүй гэж дуу, дуугаа аван орилолдоцгооно л доо. Энэ бол тэдний хэзээний танил төрх.
Хэрэг дээрээ улс төрчдийн “Үндсэн хууль”-ийн гажуудлыг засахыг хүсэхгүй байгаа шалтгаан бол огт өөр зүйлтэй холбоотой юм. Тэдэнд өнөөгийн “Үндсэн хууль” улс төр, санхүүгийн эрх мэдлийг хослуулан ашиглаж үндэсний томоохон бизнес эрхлэгчдийн ашиг орлого ТҮЦ-ний наймаа шиг жижигхэн болж харагдах “хуульчлагдсан хулгай”, төсөв дагасан луйвар хийхэд нь хэрэгтэй байгаад байгаа юм.
Тиймээс тэд чив чимээгүй, ус балгасан мэт дуугүй дүмбийж байгаад л өнөөгийн гажуудалтай “Үндсэн хууль”-ийг гажуудсан хэвээр нь үлдээхийг л хүснэ. “Үндсэн хууль”-ийн гажуудлыг засахгүйгээр нийгэмд эрүүл хандлага болно гэдэг үлгэр л дээ. Нэгэн цагт “Бүх зам Ромыг чиглэдэг” гэсэн үг байдаг байж. Яг түүн шиг өнөөдөр манай нийгэмд бүх бизнес, ашиг орлого саарал ордон луу чиглэдэг болсон.
Сүүлдээ ард иргэд зарын мэдээллээс ажлын байр хайхаа болиод саарал ордноос хайдаг болоод байна. Энэ бүхэн бол засаглалын гажуудал. Засаглалын гажуудал “Үндсэн хууль”-ийн гажуудалтай л холбоотой.
Хурц Данзан
Нийтлэлч