Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд энэ жил цас ороогүй харын зуд нүүрлэж, энэ сарын 15-нд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид тав дахь өдрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, зургаан автомашин, найман мотоцикл, 30 гаруй морьтой хүн ажиллаж байгаа гэж тус сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагва мэдээлэв. Түймрийн голомтод нийт 192 хүн ажиллаж цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар 5800 га газар шатжээ. Түймрийг цурманд оруулсан боловч дахин гадагшаа алдахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Хөвсгөл аймгийн ихэнх газар нутаг онцгой хуурайшилтай газар нутгуудын тоонд орсон байна. Тэр тусмаа Эрдэнэбулган суманд сүүлийн 20 гаруй жил ингэж цасгүй өвөлжиж байсан түүх байхгүй аж.