Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэх үеэрээ: “Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй.
АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя.
Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа.
Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин Авилгалтай Тэмцэх Газрын Дарга Х.Энхжаргал хариуд нь “За яахав дээ, хүмүүс ярьж л байг… Би мэдэхгүй ээ” гэх олны элэг доог болсон хариултыг өгсөн юм. Мөн үүлийн өдрүүдэд АТГ Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй улс төрчдийг баривчилж, яллагдагчаар татаад буй.
Тэгвэл энэ бүхэн зэрэгцэн, Х.Энхжаргал АТГ-ын даргаас сайн дураараа хүсэлтээрээ чөлөөлөгдөх гэж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна. Энэ тохиолдолд тэрээр авилгалтай сайн тэмцсэн гэх дүгнэлт, генерал цолтойгоор чөлөөндөө гарах аж. Хүрэлсүхийн Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 7 сарын 8-нд АТГ-ын даргаар томилогдсон юм.
П.Мандах
1 comment
za yahvee yahav