Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийхээр энэ оны сүүлчээр “Чанъэ-4” сансрын аппаратыг хөөргөнө хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Чанъэ-4” газардсаны дараа гараг хоорондын станц дэлхийтэй холбоо тогтоох аж.
Хятадын үндэсний сансрын удирдах газрын мэдэгдсэнээр, Дэлхийн байгалийн дагуул болох саран дээр биологийн туршилт хийх ажлыг “Сарны жижиг биосфер” хэмээх туршилтын хүрээнд явуулж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд төмсний үр болон байцааны нэгэн төрлийн цэцэгт ургамлын “Arabidopsis” хэмээх ургамлын үр, мөн хүр хорхойн өндгийг зориулалтын цагаан тугалган бортогонд хийж тавих аж. Түүнчлэн үр соёолох үйл явцын дүрс бичлэгийг зориулалтын ажиглалтын камерт буулгах бөгөөд лабораторт бичигдсэн уг дүрс бичлэгийг дэлхийд дамжуулах юм байна.
Саран дээр биологийн туршилт хийх анхны төслийн төлөвлөгөөг боловсруулах уралдааныг Хятадын үндэсний сансрын удирдах газар 2016 онд зарласан байна. Тэмцээнд оролцсон 200 өрсөлдөгчөөс “Сарны жижиг биосфер” хөтөлбөр сонгогджээ.
Эх сурвалж: montsame.mn