“Жендер, феминизм гэж чухам юуг хэлэх вэ” гэсэн асуултад арван хүний гурав нь “Мэдэхгүй” гэсэн бол бусад нь “Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдаж буй учраас тэдний дуу хоолойг сонсож, эрчүүдтэй адил эрхтэй байлгах ёстой гэсэн үг болов уу” хэмээн хариуллаа. Уг нь энгийнээр тайлбарлахад жендер гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийгмээс хүлээлгэсэн үүрэг, үнэлэмжийн ялгаа, феминизм нь харин хүйсийн тэгш байдал гэсэн ойлголт аж.
Энэ бол нэлээд бүдүүвчилсэн тайлбар. Яг энэ асуудлыг чухалчлан “хөөрөгддөг” хүмүүс чухам нарийн, жигтэйхэн урт тайлбар хэлдэг юм билээ. Энэ хоёр үг олон улсад үнэндээ “моод” болоод удсан. Ялангуяа Америк болон барууны орнуудад. Манайхан ч сүүлийн жилүүдэд энэ талаар байнга л ярьдаг болсон. Гэхдээ учир мэдэх, нийгэм болон сэтгэл судлаач зарим хүн “Ийм моод бидэнд хэрэггүй” гэдэг юм билээ.
Эсрэгээр нь “Жендерийн асуудал Монголд алдагдсан, феминизмийн тухай зайлшгүй хөндөх хэрэгтэй” гэх нь ч цөөнгүй. Тэр тусмаа карьер хөөсөн эмэгтэйчүүдийн амнаас ийм үг гарах нь олонтаа.
Монголчуудын хувьд жендерийн асуудал яг хаана хөндөгдөөд байна вэ гэдгийг олж харж, шийдэх гарцыг уг сууриар нь эрэлхийлэхгүй юм бол үүнийг нийгмийн олонход хамааруулан хийрхэж, талцуулах нь хэр зохистой вэ гэдгийг бодох учиртай юм шиг ээ. Хүссэн зүйлээ идэж, эдэлж хэрэглэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, мэдлэг боловсрол эзэмшин, нийгэмд өөрийн байр суурийг эзэлж байгаа тул монгол бүсгүйчүүдийг азтай гэж хэлэх бүрэн боломжтой.
1924 онд манай эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болсноор Азидаа анхдагч хэмээн түүхэнд үлдсэн гээд нийгмийн талаас нь харахад (хүчирхийллийг эс тооцвол) бид үнэхээр азтай. Гэвч “Оргүйгээс охинтой нь дээр”, “Эр муу ч эмийн дээр” гэх мэт хоцрогдсон сэтгэхүй монголчуудад байсаар байгаа нь төр-улсын доторх гэр-улсдаа эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ганхах томоохон шалтгаан болж буй тухай бид энэ удаа хөндлөө.
Манайхныг өөрсдөө ч анзаараагүй явтал эрэгтэй хүүхдийг тахин шүтэх үзлээс үүдэлтэй гэр бүлийн доторх зөрчил даамжирсаар сэтгэл зүйн далд хэлбэрийн өвчин гэж оноох хэмжээнд хүрснийг нэгэн судлаач бүсгүй хэлсэн.
ЭМЭЭГИЙН “ҮЛГЭР ДУУРАЙЛ”
Амралтын өдөр эмээгийндээ цуглан, бужигнаж байсан ач, зээ нар нь гэнэт тоглоомоо булаалдан муудалцав. Эмээ нь хүүхдүүдийнхээ дундуур орж “Энэ бол хүргэний хүүхэд. Ядаж хүү байсан бол яах вэ дээ” хэмээн бяцхан зээ охиноо улайм цайм нүүрэн дээр нь адалж, тоглоомыг ач хүүдээ өгчээ. Шалтгааныг нь хайхаар ердөө л “Энэ бол миний мах цусны тасархай, голомт залгаж үлдэнэ” гэдэг эртнээс угшилтай хуучинсаг сэтгэхүй рүү хөтөлж байгаа юм.
Төрсөн охиндоо ингэж хандаж байгаа эх хүн “хувь дутаад” хүү төрүүлж өгөөгүй бэрүүдээ яаж нүд үзүүрлэх нь илэрхий гэлтэй. Азаар хоёр бэр нь хахир хадамдаа нүүр тахлах хүүтэй. Жирийн нэг гэр бүлийн зураг авахуулахад хүртэл эднийхэн бөөн юм болно. “Хүүхдүүдээ насны эрэмбээр нь зогсооё” гэсэн аав, ээжийнх нь үгнээс эмээ тас зөрөн “Хөвгүүд дээд талын урдуур, охид арын эгнээний доогуур зогсох ёстой” хэмээн зүтгэх энүүхэнд.
Хүүхэд нь жендерийн тухай ямар ойлголттой хүн болж төлөвших нь тухайн гэр бүлийн хүмүүжлийн орчноос ихээхэн шалтгаалдгийг дэлхийн сэтгэл зүйчид хэдийнэ тогтоожээ. Эмээ нь өчүүхэн зүйлд ч ээж, охин хоёрыг хамтад нь бүлтэлзүүлэн “буланд шахаж”, үе тэнгийн хөвгүүдийг нь харин “галын эзэн, удам залгах хүн” гэх зэргээр өргөмжилдөг ийм орчинд өссөн хүүхэд ирээдүйд ямар үзэл бодолтой болж төлөвших вэ.
Хүйсээр ялгаварладаг уламжлалт энэ мэт хандлагаас болж хүүхдүүдийнхээ сэтгэхүйг багаас нь кодлон, улмаар сэтгэл зүйн дарангуйлалд оруулдаг байдал өнөө ч амь бөхтэй байна. Үүний нэгэн тод жишээ нь “дархан бэр” хэмээх ойлголт.
ДАРХАН БЭРИЙН “ДАРЛАЛ”
Биологийн хүйс нь ямар байхаас үл хамааран хүний ёсоор адил тэгш эрхтэй, айдас түгшүүргүй амьдрах шаардлагаас жендерийн асуудал хөндөгдөж гарсан нь тодорхой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийгмээс хүлээлгэсэн үүрэг, үнэлэмжийн ялгаан дээр жендерийн ойлголт яригддаг бөгөөд энэ нь цаг хугацаанаас хамаарч өөрчлөгддөг зүйл.
Энэ жишгээр эмэгтэй хүнийг баганаас дээш гаргаж болохгүй гэх монгол “уламжлал” өдгөө ул болсон ч сэтгэхүйн гүнд өөрчлөгдөөгүй үлдсэн нэг том ялгаварлал нь эмэгтэйчүүд нөхөр, хадмууддаа ямар үнэлэмжтэй байх нь хүү төрүүлсэн, эсэхээс шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй.
Хамгийн хоржоонтой нь энэ “шалгуураар” эмэгтэйчүүд хүртэл нэгнийгээ ялгаварладаг, үүнийг байх ёстой зүйл мэт эвлэрчихдэг нь бий. Сэтгэхүйн энэ орон зайд ТББ-ууд дөрөөлөн, “Дархан бэр”-ийн цол тэмдэг, өргөмжлөл бий болгож, Мартын 8, Эх үрсийн баяраар дориун бизнес хийх болсон нь ч нууц биш.
Нэг бүлд бэр болж очсон хоёр эмэгтэйн жишээг эш татъя.
Жишээ 1. Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Х өдгөө 34 настай. Тэмдэглэлт баяр гэлтгүй, энгийн өдрүүдэд ч түүний нэр хүнд ямагт тэнгэрт, нөхөр, хадмууд нь бурхан мэт тахидаг. Учир нь тэр дөрвөн хүү төрүүлж, нөхрийнхөө удмыг хэзээ ч “таслахааргүй” болгосон гавьяатай. Тиймээс нөхөр, хүүхдүүдээ халамжлах, гэрээ цэвэрхэн байлгах, өөрийгөө арчлах “албагүй”.
“Энэ олон хөвгүүнийг мөр бүтэн, гэдэс цатгалан байлгахаас өөр яах вэ” хэмээн дархан бэрийг өмгөөлөх шалтаг мундахгүй. Цагаан сараар хадмындаа очвол хойморт нь эрчүүдтэй эн зэрэгцэн суух эрхтэй. Бусад бэр шигээ гал тогоо хавиар үйлчилгээнд шогших шаардлагагүй.
Уржнан жил Х “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасны зэрэгцээ “Дархан бэр” гэх цол тэмдгээр мөн шагнуулсан юм. Ингэснээр тэрбээр нөхөр болон хадмуудынхаа дунд нэр хүндээ улам дархалжээ. Монголын үрсийг маш олон болгох үйлсэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн төр, засгаас түүнийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнасан бол “Дархан бэр” цолыг нөхөр нь худалдан авч өгсөн.
“Дараалан гурав болон түүнээс олон хүү төрүүлсэн хүнд олгодог “Дархан бэр” хэмээх цол тэмдгийн үнэ 350 000 төгрөг. Чи авбал зүгээр юм биш үү” гэсэн сумынхаа удирдлагын үгийг нөхөртөө дамжуулахад хадмууд нь дуу нэгтэй дэмжжээ. Ингээд “Дархан бэр” цол тэмдгээ авсан өдөр нь ураг төрлөөрөө томоохон найр хийжээ.
Жишээ 2. Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн, 45 настай Э ажилсаг, биеэ зөв сайхан авч явдаг, амьдралдаа арчаатай, гэр бүлдээ халамжтай бүсгүй. Хүн ёсны энгийн шалгуураар бол Э төгс бэр. Харин хадмуудын шалгуураар бол таван охин төрүүлж, өсгөж буй тэрбээр том “дутагдалтай”. 22 жилийн хамтын амьдралынхаа туршид дөрвөн охинтой болоод байхад нь хүртэл нөхөр, хадмууд нь ил хэлэхгүй ч цаагуураа байнга үг “шиддэг” байж.
Тиймээс тэрбээр “Би заавал хүү төрүүлэх ёстой. Эмэгтэй хүн нөхрийнхөө удмыг залгуулах хүү төрүүлэхгүй бол хэн ч биш юм байна” гэж бодох болжээ. Ингээд Э гурван жилийн өмнө буюу 42 настайдаа жирэмслэхээр шийдсэн аж. Тэгэхдээ нэг болзолтой. Жирэмсний дөрвөн сартайдаа ургийнхаа хүйсийг ЭХО-д харуулаад, охин бол төрүүлэхгүй байхаар нөхөр, хадмуудтайгаа тохирчээ. Үүнийгээ эмчид ч дуулгасан байж.
Хүсэн хүлээсэн хугацаа нь болж, ургийнхаа хүйсийг харуулахад эмч “Баяр хүргэе, хүү байна” гэжээ. Энэ мэдээг сонссон хань нь урьд хожид байгаагүйгээр баярлаж, таньж мэдэх бүх хүн рүүгээ утас цохин дуулгасны зэрэгцээ эхнэрээ ёстой л алган дээрээ бөмбөрүүлэх болж. Гэвч хэдэн сарын дараа хүү биш, охин төрөх нь тэр. Гайхаж балмагдсан гэр бүлийнхэнд эмч нь “Үнэнийг хэлээгүйд өршөөгөөрэй. Гэхдээ зүрхнийх нь цохилт сонсогдож, хүн дүрсээ олсон ургийг мэдсээр байж яаж устгуулах билээ” гэжээ. Харин Э-г “Алдарт эх”-ийн одонгоо авсан өдөр зөвхөн нөхөр нь баяр хүргэсэнд тэр гомдоогүй гэдэг.
Ингэхэд дархан бэр гэдэг ойлголт хэзээнээс үүдэлтэй, ямар утга учиртай юм бол. Энэ талаар гэр бүл судлаач, доктор Т.Намжил “Эцгийн эрхт ёсны үед эмэгтэй хүн аав, ээжийнхээ дэргэд санаа бодлоо шууд илэрхийлдэггүй, үг бүрийг нь дагаж, биелүүлдэг байсан. Тэр үед гагцхүү дархан бэр үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй солилцох, хөрөнгө хуваалцах эрхтэй байж.
Ер нь эрт цагаас гурав болон түүнээс дээш хүү төрүүлэхийн гол утга, ач холбогдол нь дайн тулааны үед эрчүүд их хэрэгтэй тул олон цэрэгтэй болохыг дээдэлж, сурталдаж байснаас үүдэлтэй” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр орчин цагт дархан бэр хэмээх ойлголтыг илт сурталчлан, үүний ард олон эмэгтэйг ялгаварлан гадуурхаж, сэтгэл зүйн дарамтад оруулдаг байдлыг өөгшүүлэх шаардлага бий, эсэхийг бодох цаг ирсэн.
СЭТГЭХҮЙН ДААМЖРАЛААС ХҮЧИРХИЙЛЭЛ РҮҮ…
Нийслэлийн Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэн Ц удаа дараа хүчирхийлэлд өртөж, хамгаалах байранд хүргүүлж байсан тул хорооны цагдаагийнхан түүнийг хяналтдаа авчээ. Өнгөрсөн намар Ц бүсгүй “Амгалан” амаржих газарт цус алдаж очоод, зургаан сартай хүүхдээ дутуу төрүүлсэн хэргийг цагдаагийнхан шалгасан аж. “Олон хавар нэгэндээ” гэгчээр 38 настай бүсгүй эр нөхөртөө зодуулсны улмаас гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүй алдсаныг хуулийн байгууллага тогтоожээ.
Тэднийг айл болсон цагаас хойш хадам ээж нь цуг амьдарсан бөгөөд “Миний хүү айлын ганц хүүхэд. Тиймээс удам залгах хүү заавал төрүүлж өгөөрэй” гэдэг байж. Хяслантай нь, хоёр охин төрүүлсний дараачаас тэр гэр бүлийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, Ц бүсгүй орон гэртээ өөрийн дураар байх эрх нь хязгаарлагдаж эхэлжээ. Нөхөр нь ч ээжийнхээ ятгалгад орж, эхнэртээ гар хүрдэг болсон байна.
Ийнхүү өдөр хоног аргацааж яваад Ц гурав дахь хүүхдээ олонгуутаа горьдлого тээн ЭХО-д хүйсийг нь харуулахад мөн л охин байж. Энэ өдрөөс хойш нөхөр, хадам ээж хоёр нь аахар шаахар зүйлээс ч өө эрэн, хөл хүнд бүсгүйг зодсоноос болж зулбажээ. Тэрбээр нөхөр Ш-тэйгээ ханилаад 17 жил болоход “Хүү төрүүлээгүй” гэдэг ганц шалтгааны улмаас бие, сэтгэлийн олон дарамт, элдэв доромжлол, зодуур бүхнийг тэсэж ирсэн ч дээрх үйлдлийг нь тэвчилгүй хоёр охиноо аваад төрхөмдөө буцсан байна.
“Жендер ба хөгжил” үндэсний чуулганд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хийсэн жендерт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааны дүнгээс харахад нөхцөл байдал санаа зовоож байна. Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, хохирогчдод үр дүнтэй дэмжлэг үзүүлэхэд төр, засгийн шийдвэр гаргагчид яаралтай анхаарах шаардлагатай” хэмээсэн юм. Жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр нь эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдээр нь алагчлан, ялгаварлах явдал гэдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулна.
Уг нь хүмүүс бид ямар хүйстэй байхаас үл хамааран бүгд л хүний зэрэгтэй сайхан амьдрах эрхтэй. Тиймээс эцгийн эрхт ёсноос улбаатай уламжлалт сэтгэхүйгээ бид өөрөөр харах, эсэхээс ядаж л монгол гэр бүл доторх хүйсийн эрх тэгш байдал хамаарах бус уу. Ялангуяа Монголд гэр бүлийн задрал явагдаж буй өнөөгийн эгзэгтэй цагт нандин харилцааг нь хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэг асуудлыг шийдэхэд энэ ч бас хамаатай.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин