ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай театрт иржээ. Тус театрын дарга ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ю.И.Пояркинийг дугаарын зочноор урилаа.
–Та анх удаа Монголд ирлээ гэсэн. Сэтгэгдэл ямар байна?
-Танай сайхан оронд ирсэндээ сэтгэл үнэхээр хангалуун байна. Хамт олонтойгоо, уран бүтээлээ хүргэхээр ирсэндээ талархаад ханашгүй нь. УДЭТ-тай танилцаж, олон сайхан зүйлийг үзэж, сэтгэл оюунаа баясгана гэдэгтээ итгэлтэй байна.
–Монголын тухай мэдээж төсөөлөл байсан байх?
-Хөрш орныхоо тухай судлалгүй яахав. Олон ном зохиол, сэтгүүл, цахим ертөнцөөс мэдээлэл авдаг байсан. Монгол бол баатарлаг түүхтэй ард түмэн. Дэлхийд “Чингисийн Монгол” гэдгээрээ алдартай шүү дээ. Мөн театрын урлаг нь өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй юм байна.
–Ямар зорилгоор та бүхэн манай театрыг зорьж ирэв?
-Манай хоёр театр хэдийгээр ойрхон байдаг ч эдгээр жилүүдэд харилцаа тогтоож байсангүй. Энэ жил харилцан туршлага солилцож, уран бүтээлээ хүргэхээр ирлээ. УДЭТ-ын тайзнаа хоёр жүжиг тоглоно.
–Туршлага солилцоно гэдэг уран бүтээлчдийн хувьд сайхан хэрэг?
-Хоёр театрын хувьд хамтын ажиллагаа, уран бүтээлийн шинэ гүүр нээгдлээ гэдгийг энд онцолж хэлье. Манай тоглолтын дараа УДЭТ-ын уран бүтээлчид Чита хотод очиж, Оросын ард түмэнтэй уран бүтээлээрээ уулзаж, манай хот болон театртай танилцах юм.
–Танай театр ч уран бүтээлийн баялаг түүхтэй биз дээ?
-Манай театр 1939 оноос эхтэй. Энэ жил 78 дахь жилийнхээ тоглолтыг үзэгчдэд хүргээд байна. Урын санд маань сонгодог бүтээлээс гадна орчин үе, хүүхдийн бүтээлүүд зонхилдог. Бид үргэлж цаг үеэ даган дэлхийн театрын хөгжилтэй хамт алхахыг эрмэлздэг. Энэ удаад зөвхөн хоёр уран бүтээлтэй л ирлээ. Дараа ирэхдээ илүү олон уран бүтээлээр бэлэг барина.
-“Оросын гайхамшиг” жүжгийг тоглоно гэсэн. Энэ ямар онцлогтой бүтээл вэ?
– Энэ сарын 09, 10-нд хоёр жүжиг тоглох төлөвлөгөөтэй. 12-оос дээш насныханд зориулсан “Оросын гайхамшиг” жүжигт орос хүний мөн чанар, орос хүн ямар араншинтай тухай өгүүлдэг. Мөн Оросын түүхт хотууд болон дархчуудын амьдралын тухай тусгасан хөгжимт драмын жүжиг. Тиймээс Монголын үзэгчдэд таалагдах байх. Энэ бүтээлийг үзсэнээр орос хүний сайхан сэтгэлийг та мэдрэх болно.
–Дараагийн жүжгийг бага насны хүүхдүүдэд зориулсан гэсэн үү?
-Бидний дараагийн уран бүтээл бол бяцхан үзэгчиддээ зориулсан “Аладины шидэт дэнлүү” бүтээл. Энэ жүжгийн 0 –оос дээш насныхан үзэж болох юм. Тэгэхээр хүүхдүүдийн анхаарлыг татахуйц дуу, бүжигтэй хөнгөн хэлбэрийн бүтээл.
–Театрын уран бүтээлчидээ танилцуулаач?
-Манай театр 40 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний зургаа нь ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой. Мөн Өвөр байгалийн хязгаар нутгийн гавьяатууд ажиллаж байна. Орос орондоо хайртай уран бүтээлчид гэж бид тэднийг дүгнэдэг юм. Үүнээс гадна энэ 78 жилийн хугацаанд олон алдартай жүжигчид манай театрт ажиллаж, уран бүтээлийн замналаа эхэлж байжээ. Тэдгээр залгамж халаа болсон сайхан уран бүтээлчдээрээ бид үргэлж бахархдаг.
–Манай театраас гадна ямар орнуудтай уран бүтээлийн холбоотой ажилладаг вэ?
-Бид Оросдоо гэхэд л 50 гаруй газар аялан тоглолтоо хийлээ. Мөн Ойрхи Дорнод руу тоглолт хийдэг. Очиж тоглосон улс, үндэстэн бүрийнхээ театртай харилцаа холбоо тогтоож, туршлага солилцдог. Үүнээс гадна манай уран бүтээлчид эх орондоо болон гадны уралдаан тэмцээнд үргэлж амжилттай оролцсоор ирсэн. Төрөлх орныхоо жил бүр зохион байгуулдаг, нэр хүндтэй тэмцээнээс “Шилдэг уран зохиолын сэдэл” төрөлд амжилттай өрсөлдөж байлаа. Мөн Каннаас театрын уран бүтээлээрээ “Алтан дал мод” шагналыг хүртсэн гээд дурьдвал олон амжилт бий.
–Одоогоор танай уран бүтээлчид ямар жүжиг дээр ажиллаж байна?
-Манай уран санд одоогийн байдлаар байнга тоглогддог 30 гаруй жүжиг бий. Саяхныг хүртэл нэг хүүхдийн жүжиг, хоёр насанд хүрэгчдийн жүжиг шинээр тавьсан. Насанд хүрэгчдийн жүжиг нь “Торгон цэргийн гэрлэлт” нэртэй. Нээлтийн үзвэрээ хийчихээд ирсэн. Үзэгчид их сайхнаар хүлээн авч, халуун алга ташилтаар бидэнд урам өглөө. Харин хүүхдийн жүжиг нь сургамжит бүтээл. Удахгүй “Зоякагийн байр” шинэ бүтээл хийхээр бэлтгэлдээ орчихоод байна.
–Манай театрын уран бүтээлийг үзэж амжив уу?
-“Ромео Жульетта” жүжгийг үзлээ. Гүн сэтгэгдэл үлдсэн шүү. Найруулгын хувьд орчин үе рүү татсан нь таалагдсан. Мөн жүжигчдийн тоглолт үнэхээр гайхалтай. Залуу уран бүтээлчид тоглосон гэхэд дүрээ илүү мэдэрч бүтээсэн нь харагдаж байсан. Тайз засалт, хувцас, нүүр будаг гээд их шинэлэг, содон уран бүтээл болжээ.
–Театрын уран бүтээлчидтэй танилцсан уу?
-Хараахан амжаагүй байна. Удахгүй тухтай танилцаж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Анхны сэтгэгдлээр Монголын УДЭТ авьяаслаг уран бүтээлчдээр дүүрсэн, чанартай уран бүтээл хийдэг, сайхан театр юм гэсэн дүгнэлтийг хэлж чадахаар байна.
–Жүжгээ тоглочихоод шууд явахгүй байх. Танд Монголд ирсэнийх үзэхсэн гэж зорьж байгаа газар бий юу?
-Улаанбаатар хоттой танилцмаар байна. Мөн түүхийн дурсгалт газруудыг үзэхсэн гэж хүсч байна. Танай улс үзэмж төгс байгальтай шүү дээ. Байгалийн сайханд аялахыг хүсдэггүй хүн гэж юу байхав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин