Эх орноо хамгаалах цөвүүн цаг ирвэл эмэгтэйчүүд бид явна. Хэрэг болж юуны магад эрчүүдээ аваад явна… гэдэг шиг сүүлийн үед өрнөж буй жагсаал цуглаан, тэмцэлд эмэгтэйчүүд л оройлох нь элбэг болж. Жуковын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүс бас л эмэгтэйчүүд байв. Тэдний нэг төлөөлөл Т.Оюун-Эрдэнээс тодруулга авлаа.
– Товчхон хэлэхэд Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа “ВЛАТАС” болон бусад Оросын хөрөнгө оруулалттай компаниудын хууль бус үйлдэлүүдийг төрийн байгууллагууд хамгаалж байгаа учраас бид эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байна. Эдгээр компаниуд нь Жуковын гэх байрнуудыг Монголчуудад дамжуулан өндөр үнээр түрээслэдэг.
-Түрээслэлээ гэж л эсэргүүцэж байгаа юм уу?
-Үгүй ээ тоочвол олон шалтгаан бий. Эхлээд энэ асуудлын тухай хоёр баримт хэлье. Влатас компани нь эдгээр орон сууцнуудыг түрээслэхдээ хэд, хэдэн хуулийг ноцтой зөрчиж түрээсийн гэрээ хийсэн нь ил болсон. Тэгэхээр түрээслэх эрхгүй компани гэсэн үг. Тийм учраас бид зөвхөн хэрэглээний төлбөрөө төлж эсэргүүцэл илэрхийлж байгаа. Төлөх шаардлагагүй байгууллагуудад одоо дахиж түрээс төлөхгүй. Төлөхөөр бол улсдаа төлнө. Олон жил төлсөөр 170-аад сая төгрөгний түрээс өгсөн айлууд ч байгаа. Манайх л гэхэд 17 жил түрээс төлсөн. Бас Монгол улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө энэ бизнесийн ашгаараа улсад татвар төлдөггүй. Илт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг энэ Оросуудыг манай төрийн байгууллага яаж ч чадахгүй хаацайлсаар байгаад улам бүр даврааж эцэстээ оршин суугчдын үндсэн хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж, иргэдийг хохироож байгаа үйлдэлүүд нь хэрээс хэтэрлээ. Монгол хүн Оросын ард түмэнд элэгтэй, хүндэлдэг. Тиймээс бид олон жил тэвчиж явсаар эцэстээ арга буюу тэмцэж байна. Нэг зүйлийг тодруулж хэлье. Бид Оросуудыг эсэргүүцээгүй. Эдгээр хүмүүсийг өөгшүүлэн даврааж байгаа төрийн байгууллагын шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Бас энэ компаний удирдлагуудыг, удирдлагуудынх нь хууль бус үйлдэлүүдийг дэмжиж гар хөл нь болдог мөнгөнд автсан Монголчуудад хандаж гомдлоо бас илэрхийлж байгаа юм.
-Оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, хохироож байгаа гэхээр?
– Жишээ нь, бид Оросуудын хэрээс хэтэрсэн үйлдэлүүдийг эсэргүүцсэнийхээ төлөө өнөөдрийг хүртэл сар гаруй хугацаанд тоггүй амьдарч байгаа. Аяны гаазан плиткан дээр хоол цайгаа хийж, лааны гэрэлд хүүхдүүд маань хичээлээ хийж 21-р зууны хөдөөний айлаас дор амьдарч байна. Энэ үйлдэл нь олон дахин давтагддаг. Түрүү жил 07-р сарын 01-нээс 09-р сарын 01 хүртэл хоёр сар тоггүй байлгасан. Дахиад шинэ жилийн өмнө 29-нд салгаж байсан. Тухай үед мэргэжлийн хяналтын байгууллагаас уг компанийг тог салгах эрхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгсээр байхад дахиад л тасалдаг.
Мөн: Манай бас нэг Гэрэлцэцэг гэдэг оршин суугч Оросуудын үйлдэлийг эсэргүүцсэний дараа хүүхдүүддээ вакцин хийлгэхээр гарсан хойгуур хаалгыг нь гагнасан. Хөөрхий өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэй шд. Эдгээр байрнуудад 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй, орлого багатай ядарсан хүмүүс л Оросуудад арга буюу түрээс төлж, эх орондоо мөртлөө Оросуудад дээрэлхүүлж амьдардаг. Та анзаарвал энд жагсаж байгаа хүмүүс хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд байгаа биз дээ?
-Харин би энэ жагсаалыг далд эзэнтэй, зохион байгуулалттай улс төржсөн жагсаал юм уу гэж бодлоо.
– Төрийн тусгай хамгаалалттай газар юм шиг компаний өөрсдийнх нь машинаас өөр машин энд орох эрхгүй. Түргэний машин хүртэл оруулдаггүй харгис. Өөрсдөө болохоор хороолол дунд согтуугаар машин барьж хурдны зам дээр явж байгаа юм шиг хөгжмөө чанга орилуулж давхилддагаас болж хүүхдүүдээ гадаа тоглуулахаас хүртэл бид айдаг болсон. Энэ төмөр хашаанд байгаа байрныхан орж гарахдаа хил гаалиар шалгуулж байгаа юм шиг дарамтанд амьдарч байна. Прокурорын зөвшөөрлөөр л хүнд нэгжлэг хийхээс бусдаар бол хувь хүнийг шууд ухаж төнхөж шалгах нь хуулиар хориотой гэж сонссон уг нь. Эд нарт хууль үйлчилдэггүй болохоор хүүхэд хөгшидгүй, эр эмгүй орох бүрт нь шалгадаг байсан. Тэмцэл хийснээс хойш тэрнийгээ харин болиод байгаа.
Харин гэрээ эзгүй, эсвэл хүүхдүүдээ үлдээхээс айдаг болсон. Эзгүй хойгуур хаалга үүд гагнаж, хүчээр эд хогшил гаргаад хаячихна. ХҮҮХДҮҮДИЙН АЙДАС БОЛЖ, ЗҮРХЭНД НЬ ОРЧИХСОН. Гэх мэт асуудлуудаас болж аргаа барж байна аа бид. Сонсоход төвөгтэй санагдах байх. Гэхдээ л би бодит нөхцөл байдлыг үнэнээр нь ярьж байна. Өөр ч олон асуудал байдаг. Монголын хууль энгийн иргэндээ нэг өөр, энэ Оросуудад арай өөр үйлчлээд байгаа юм шиг санагдаж байна уу танд.
– Би сайн мэдэхгүй байна аа уучлаарай.
– Наад захын жишээ гэвэл Энгийн нэг иргэн өмчлөх эрхийнхээ дагуу хотын мухарт 0.7 га газраа авах гэж төрийн байгууллагын хаалга үүдийг жил дамнан сахиж хөөцөлдөөд ч авч амжаагүй яваа хүмүүс өчнөөн олон байна. Гэтэл зөвхөн газар нь өчнөөн мөнгө төгрөгөөр үнэлэгдэх 49 тооны барилга байгууламжийг нэг хүний ганц өргөдөл дээр үндэслээд тэр чигт нь бүгдийг нь Оросын талд өгчихсөн байгаа юм. Энэ дотор жуковын байрнууд байдаг юм.
Оршин суугчид үзэл бодлоо илэрхийлж байна
-Энэ байрнуудад чинь анхнаасаа Оросууд л байсан юм гэсэн. Оросууд эзэн нь байх зөв юм биш үү?
-1971 онд БНМАУ гэж байхдаа энд социализм байгуулалцаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй байршуулах Засгийн газрын нууц протокол гэж гарсан юм гэсэн. Тэр зөвлөлтийн мэргэжилтнүүд нь аль 30-аад жилийн өмнө буцсан. Тэгээд ч ашгийн үйл ажиллагаа явуулбал гэрээгээ цуцалж Монголын тал буцааж авах нөхцөлтэй байсан юм билээ. Гэтэл одоо өөр хүмүүс, өөр чиглэлтэй болгоод түрээслээд цэвэр бизнес хийгээд байгаа биздээ.
– Хууль шүүхийн байгууллагад хандаж байгаа юу?
-Миний сонссоноор Орос мэргэжилтнүүдийг байршуулах тэр 1971 оны нууц протокол нь шинэ үндсэн хуулиар хүчингүй болсон гэсэн. Гэтэл шүүхээр эсрэг шийдвэр гарсан. Одоо олон айл гудманд гарах болоод айдас түгшүүртэй тайван амарч чадахгүй болоод байна. Сая хөрөнгө орлого нь ил болж нийгмийг цочоосон хэдэн шүүгчийн дөрөв нь энэ асуудал дээр эсрэг шийд гаргасан шүүгч шүү дээ… Ер нь та энэ асуудлыг сайн мэдэх “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны Батцэцэг эгчээр яриулаарай. Хууль зүйн талаас нь бүх асуудлыг нь сайн мэднэ. Би яахав ахуй амьдралд тулгарч байгаа зовлонгоо л тоочих төдий болж байна. Эд нар чинь нээрээ энэ Эрхүүгйн Төв-ийг ажиллуулдаг хүмүүс шд. Энэ газар нь Монгол охидын биеийг үнэлүүлж үйл ажиллагаа явуулдагаараа алдартай.
– За та бүхэнд амжилт хүсье. Залуу ээжүүд биеэ бодоорой.
-Баярлалаа. Бид Ерөнхий шүүгчийн шийдвэрийг хүлээж байгаа. Шантрахгүй тэмцэнэ ээ.
Улс төрийн явуулгатай, ямар нэг эзний зохион байгуулалттай жагсаал хэмээн бодож очсон сэтгүүлч миний өнгөцхөн хардалт хаврын хүйтэн салхинд хийссэн юм. Тэнд зүгээр л үндсэн хуулиар олгогдсон эрхээ нэхэж ээжүүд гэрийнхээ гадна чадахаараа тэмцэж байна. Монгол төр сохор мэт, дүлий мэт…
Ярилцсан: ТАТАР
Эх сурвалж: Tatarnews.mn