Үргэлжлэл. Бөөн хар үүл нүүгэлтэн тэнгэр барайжээ. Салхины ам хаадаг овгор хошуун дээрх гозгор боржин хад хүртэл бээрсэн эмгэн шиг бүр нэг доожоогүй үзэгдэнэ. Наад энгэр нөмөрт нь бодох санах юмгүйгээрээ хэдэн борлон нүдээ анисхийн нарлан эвхийж харагдана. Нохой хуцаж, Янсан Ламах жавхалзсан борлог морьтой хатируулсаар ирэв. Оюун Наран-Ай хоёул ” Ламах сураг дуулуутаа яаран ирлээ” гэж баярлан гүйн очиж морийг нь угтан авахад бие тэнхлүүн ч түшиж буулгахаас цааргалсангүй. Оюун шинэ журам дэвсэн хөл болж санд мэнд гал нэмэнгээ бушуухан шинэ цай пурхийлгэх санаатай гавшхайлж байтал Наран-Ай орж ирэн туслалцав. Оюун ашгүй дээ гэсэн янзтай хойш сууж
– Яа дарга минь манайханд ийм нэг сүрхий юм тохиолдлоо. Зүв зүгээр байсан хүн, гэв гэнэт л явчих юм. Цаг нь ирэхээр амархан юм аа. Юугаа ч хийгмэглэх гэсэн юм хутга билүүдэн, төмөр чулуу хоёр хавиралдуулж байгаад л ойччихлоо…гэсээр гол сэжгээ цухуйлгав. Нөхрөө дүнсийгээд суучихдаг болохоор өмнөөс нь дуугарсаар байгаад ийм яриасаг болсны хүчинд энэ айлд хүн шагайдаг мэт. Өвгөн нулимс цийлэгнэх улцан хөнхөр нүдээ арчин, нүүрээ хөлдөв үү яав гэсэн мэт хурууныхаа өндгөөр дарж үзэн жонгиносон дуугаар – Цаад Дүнсгэр чинь хаачаав? гэж хэлж дуусаагүй орж ирэн мэндийн хэдэн үг солих зуур цай ч даргилан буцлаж Наран-Ай данхыг нь арчиж зүлгэсээр дөхөхүй Ламах өврөөсөө хөөрхөн цомбогор мөнгөн аяга уутнаас нь гарган
– Идэр насандаа Чонон гэдэг хочтой, хижээлсээд ээ базарваани Амгалан Жанжаа гэх лут ахайлгатай болсон ч түмний хүндлэл даахгүй адайр зан гарган тавитаргүйтэж яваад орон шоронгийн хаалга татсан. Дандаа дээшээ тэрсэлдэг, дэргэдэхээ өтчилдөг адармаатай толгой, ёж ёргио үгээ татаж дарга даамлуудын чих амарч дээ. Уг нь бид хоёр нэг голд үерхэж өссөн бараг үеийн улс. Даанч ном таардаггүй юм. Харь түвд хэлний шашинтай гээд надад тун таагүй… Мөн үү? Чиний Зонхавагийн түвд шүлэг миний ээж аавын сургаалаас юугаараа илүү юм? гэж байгаа тэнэг хүнтэй би юугаа ярих юм? гэв.Оюуны чихэнд энэ яриа чимэггүй эвгүй сонсогдсон ч сүсэгтэй царайлан гараа хавсран наманчилж Яраглаа Ламах санаагаа гүйцээе гэсэн бололтой
– Цаадах чинь бүр эртний хар мухар ёс сүсэг барьдаг номгүй таг харанхуй хүн байв даа. Тэгэхээр та нар Баньдахдаа дуулгасан нь дээр, тэгвэл ононо. Хуучны дэг ёсыг тэр жаахан гадарлаж магадгүй. Гэхдээ өөд болоочтой яаж эн зэрэгцэхэв. Мөн үү? Дээр үеийнхээр бол хулгана цаг өглөө наран мандах үеэс эхлэнэ. Нээрээ л үүрийн цолмон үлдэж од бэлчих үест эр хүн уулын овоонд гарсан байх, өрх бүлээрээ гэрийн баруун урд хулгана зүгтээ индэр босгон ёслох, нар тоононд багтах хулгана цагтаа амжиж золгосон байх гээд хөгшчүүл хөлсдөг л дөө. Гэтэл ламын ёсны хүрээ хийдийн Төгсбуяны ЛИТ барьдаг бид шөнө хулгана цагаа эхлүүлнэ. Ингээд зөрж төөрөг нь төөрөлдөөд уршиг болж мэднэ. Мөн үү? Иймэрхүү илүү дутуу юм ухаж төнхөж хуучилвал.. .гэснээ ирсэн санаагаа ний нуугүй ил хэлэхээр шийдэн
– Би яахав нэгэнт ирснийх хэрэг болдог ч бай, болдоггүй ч бай, нэг тарни уншчихья! Та нар болохгүй гэсэн ч би хөгшин хүн, бас өөрийгөө бодож байна. Цаадахыг чинь хутга шөвөг бариад үхчихлээ гэж Мөнхөөс дууллаа л даа…гээд хоолойгоо засч яраглан ханиалгасаар босов.Талийгаачийн гэрт оруутаа өврөө уудлан ёстой л хуучны алд баранзад хадаг, шилтэй шар тосны хамт гарган зулны нь дэргэд тавьж арц хүж уугиулан нэгэн түвд ном цээжээр дуржигнуулан хонх дамар хэд тачигнуулснаа ” Өөр мартсан санасан юу билээ? ” гэсэн шиг толгой маажин
– За ингээд болно доо! Хадаг гэдэг урд газрын торгомсог “Өглөг шан” гэсэн утгатай түвд үг гээд тоодоггүй хүн байж билээ цаадах чинь. Хадаг толгой дээр нь тавьлаа. Манай шашны ёс юм. Нүгэл хилэнц нь нимгэрэх биз? гэж үглэснээ – Ламах нь багадаа хүрээ хийдэд шавилж байсан ч цагийн эрхээр шар шувтлан хар болоод нам засагтаа олон жил зүтгэсэндээ. Ямар ч гэсэн энэ талийгаач шиг төрдөө хар буруу санаж, зөрүү сөрүү цуурхаж явсангүй. Тэр эсэргүүн яриагаа намайг матав гэж чонон санаа гарган нармайг минь нээж явсан удаа ч бий. Би гомдол энэ тэр гэж гоншигнолгүй, хамрынхаа цусыг арчаад л өнгөрсөн. Мөн үү? Та нарын ажил явдлыг чирэгдүүлнэ гэж бодоод Мөнхийг сумын төвөөс дайрч ирэхийг хүлээлгүй ямар сайндаа ингэж адгаж явахав. Эртхэн хорилго хийхгүй бол буг чөтгөр, босоо ороолон болоод биднийгээ хуу хамаад хядчих ч юм билүү…! гэж санаанд оромгүй хачин юм ярьснаа үүд рүү хөнгөн шингэн нь аргагүй сэмбэлзтэл алхлаа. Дүнсгэрт Жанжаагийнхаа морин хуурыг орны нь толгойноос холдуулж дээших нь залмаар санагдан хоймрын авдарны нь өмнө аваачиж тавив. Арьсан царыг нь ногооноор будаж дөрвөн буланд нь алтай хийцийн архай эвэр хээ, голд нь ОЛЗЫН ( Өлзий) матир урласан хамгийн хайртай эд нь. Дуу муутай ч хөгийг нь тааруулаад хөрөөдөж эхлэхэд энэ хуур гиншин хүнгэнэж өвгөн сөөнгөдүү намуун хоолойгоор Би баруун урд тивийг эзлэнхэн төрөгсөн Эрхэйндээ эрчүтэй Эрийн сайн Хамбуудай мэргэн хаан цолыг ологсон Унадаг сайн хөлгөөн олжу унажу Алтайнхаа арван гурван галтай уулын Думд шарын орой оргилд ину ургугсан Алтан зүмбэр сүмбэр уулынхаа бэлд нь гарчу Юу мэддэгээ шивнэн шившижү Ерөөл билгээ халиан тавижу Наян найман ганзагаан ариулая гэжү Аянд гарахаар бодов гэнэ ээ хүй… гээд л өвлийн шөнийн уртад өрдсөн галын илчинд магтаж бахдан хайлж суудансан… Оюун Яа Ламахад сайхан аашлаж арга эвийг нь олох санаатай
– Нээрээ Жанжаа хэзээнээс цагаан сар гэж нэг их хал болдоггүй харин намар уул усаа тахиж төл малаа төлөг бяруу гэх мэтээр нас дэвшүүлэн унагаа тамгалж ” Даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй, бордон ноолууртай болтухай” гэж бэлгэдээд айл саахалтаа залж найр үүсгэн баясдаг. Харин цагаан сарыг ” Элэнцгийн чинь хавар! Идэр есийн хахир хүйтэн өвлөөр нэг ч мал төллөөгүй хар сарыг цагаан сар гэдэг юм уу? Тэгээд бас даага далантай бяруу булчинтай юу гээд байгаа юм аа! гэж цухалднаа. ” Даяныг сөрж ийм зан гаргаад …настай хүн байж…” гэж биднийг дурамжхан хандахад ” Эзэн Чингэс хааны эцэг дээдэс өөрсдийн зурхай төлгөтэй байсан. Дөрвөн улирлын тахилгыг ёсчилсон Хубилай хааны арван буянт номын цагаан түүх ч гэж бий…Ес эхлэж өвөл, ус гэсч хавар, өвс ногоорч зун, үр төлжиж намар болдог…гээд л номлодог сон” гэж яриа дэлгэв. Яа лам ах дуулаагүй юм шиг алхсаар Дүнсгэрийнд буцаж ороод
– Тийм л буруу ишилсэн сүх шиг тэнэг мугуйд хүн дээ. Ямартаа залуудаа чонон гэж хочлогдох вэ. Сүүлдээ тэр нь орхигдож гээгдсэн болохоос. Шашнаа түвд гээд үзэхгүй ээ, нам засгийн бодлогоо ” Оросын зангаа” гэж адарна. Мөн үү? Ийм амьтныг чинь чонотой зүйрлэхээс өөр яах юм? Энэ хүн бид хоёр багадаа нэг лут зөрөлдөж насны тангараг тасарсан хоёр. Над руу их дайрч давшилдаг байсан даа. Танай түвдийн лит гээч зурхайн өвлийн эхэн сарын 25- нд шарын шажны их лам Зонхов Лувсандагва богд нас барж, насны нь тоогоор 63 хоногийн гашуудал хар өдрүүд нь битүүний шөнө дуусч таардаг. Тийм учраас хийд дацангийн лам нар тэр шөнөжин ном хурж диваажингийн оронд очих зам мөрийг нь засдаг үнэн биз? Маргаашийн нь шинийн нэгнийг Буддын оронд очиж Богд болсон байх ёстой цагаан сар гэж бэлгэшээн дугандаа мөргөөд ерөөлийн номоо эхлэдэг. Ингээд Төгс буян болдог? Энэ чинь Монголын шинэ он уу? Танай шашны буяны өдөр үү? гээд л биднийг эрүүднэ. Бүр ” Ямар элэнцгийн нь малчдын халиндаар, Монголын цагаан сар. Монголчууд битүүний сарыг хар харанхуй гэж, шинэдийн сарыг өлөн, өеөдсөн, хавирган , хэрзгэр, турсган, туранхай”гэж цээрлэдэг юм. ” Битүүний сар шиг мандаж билүүний баас шиг ундарч” гэдэг хараал ч бий. Харин арван тавдын сарыг дүүрэн гэж дээдэлж ирсэн.
Ер нь Монголчууд хоосон чанарыг биш ДҮҮРЭН ЧАНАРЫН ОНОЛТОЙ улс. Тэр бүү хэл савтай гурилаа дуусахад ” Гурил дүүрчихлээ гэдэг, хамаг юмаа хаячихаад модоо барилаа гэхэд ” Би хаашдаа дүүрсэн хүн” гээд тэр хоосон гэдэг үгийг чинь хэлдэггүй цээрлэдэг бэлгэдэлтэй түмэн. Ер нь манай Монголчууд хагас дундуур юманд хэтээсээ дургүй, үржиж өсөхийн бэлгэдэлтэй дүүрэн чанарын онолтой улс юм. Энэ “НАМ, ЛАМ хоёр Монголын ёсыг баллаж барлаа даа” … гэж ярдаглан байсныг , тэр байтухай овоо доромжилж навсгар хадаг самбай уяж хог тарилаа. Лам ирвэл гай зөндөө, данжаад ирвэл цай ( ӨР) зөндөө болдог гэх хоржоонтой үг ч бий шүү гэж над руу чичлэдэг байсныг та нар санаж л байх ёстой? Мөн үү? гэж оёзгүй царайлахад Дүнсгэр дуугарах үггүй толгой дохисон мөртлөө
– Одоо бодоход өвгөний зурхайгаар бол нарнаас өөр гэрэлтэй юм үгүй, намраас өөр буянтай улирал үгүй гэж намрын өдөр шөнө тэнцэх үед хулгана сар гарч жилийн эх ирдэг. Бүр ” Хувь сар хуримын дээд, Хулгана сар жилийн дээд” гэж ирээд л бөөн хөл хөөрцөг болдог байсан үнэн л дээ. Тэгэхээр Луутай хүн гээд 85 ны жил нь гэж бид тооцож байдаг. Өөрийнхөөр нь бол луу жил дуусаад могой жил энэ намар гарч 86- н дээрээ явчихаж байгаа хүн болж байна уу? гэхэд Ламах Энэ Суут л Жанжаа Жанжаа! гэж сүжрээд дандаа гүйдэг байсан. Тэр мунхаг үеийн хуучны юмны зах зухаас хагас хугас юм гадарлаж байж магадгүй. Тэгээд ер нь цаад Данзангийнхаа амыг хар! Танайхан хэзээнээсээ шашин шүтлэггүй мухар муйхар улс. Хутга билүүдэж байгаад өнгөрөхдөө яахав дээ, тавитаргүй нь л тэр байхгүй юу!? гэж үгээр чимхэн зүрхийг нь часхийлгэв. Амьд үхсэн хоёр хөгшний арцалдаан орооцолдсон таагүй дурсамжид Дүнсгэр эвгүйцэж Тэр жил аймгийн намын хорооны хэлтсийн даргатай та манайд ирж шагнал гардуулж…гэж хуучныг нь бодогдуулж санааг нь зовоохоор тойруу үг цухуйлгатал
– Нэгдлийн орлогч гэж цаг наргүй ажилтай, тэгсэн мөртлөө хийсэн бүтээсэн нэргүй, ёстой замарсан ажил байсан юм. Дарга нэрнээс цаашгүй, түмний зарц. Намын гишүүн санаатай болохоор …Ер нь тэгээд бид чинь хөгшин залуугүй хар багаасаа Зонхава богдын хийд дацанд шавь баньд, сургуульд ороод социализмын пионер, өсөөд гэлэн хувраг, эвлэлийн гишүүн, воод тэгээд том хамба лам, намын гишүүн коммунист нараа дагаж ирсэн соёл номын уламжлалтай улс шүү! гэхэд нь Дүнсгэр тэвчиж чадалгүй
-Намайг намын гишүүнд элсэхэд та сүрхий ороосон. Би тэгэхэд ” Та өөрөө яагахд Лам ах гэдэг ахайлгатай юм бэ?” гэж танаас нэг нь асуугаасай билээ…гэж мөн их горьдож билээ гээд дайрин дээр нь давс үрчихэв. Өвгөний царай хувьсхийн цулбуур барьсан гарыг нь жавраас хаадаг нударгаа сэгсрэн буулшах зуураа
– Асуувал асууна л биз дээ. Намайг багадаа Арын хүрээн дээр ганц хоёр жил шавилан суумшаа аядаж байх үед ахыгаа санасан хоёр охин дүү минь л тэгж ахайлаад тэр нь нас ахих тусам түгсээр Ламах дарга болчихгүй юу гэснээ хаагуур нь ч хатгасан юм ёохолж ёолсоор босох зуураа “Одооны морь гэж мал биш болж. Сая замд энэ адсага цагаан чулуунаас үргэж бусгаад золтой дөрөөнд чиргүүлсэнгүй. Мал хүртэл бие нь улам давжаараад зан нь бүр ихдээд байх юм” гэж үнэн ч юмуу, битүү үг ч юмуу цухуйлгасаар үүд чиглэв. Тэр хэзээний ” Одооны юм гэж даанч хэрэг алга. Дээр үеийнхтэй яаж зүйрлэхэв” хэмээн одоо цагаа адладаг араншинтай аж. Тэгснээ гэнэт нэг зүйл санав болотой эргэн сууж
– Энэ талийгаач бид хоёр чинь нэгдэл анх байгуулах үед бас нэг ваадангаа хүүлэлцэж, бантангаа хутгасан хоёр юм байна шүү. Би намын гишүүний ёсоор нэгдэл байгуулах гэж зүтгэж явахад энэ өнгөрдөг ” Миний мал чамд ямар хамаатай юм” гээд хөдөлдөггүй дээ. Тийм мугуйд мунхаг хүн. Мөн үү? Тэгээд бүр элсэлгүй будантаж явсаар бүр 1962 онд намайг намын дээдийн хоёр жилд суралцахаар аймгийн намын хорооны товчооны хурлаар батлагдан Улаанбаатар руу явсан хойно нэгдэлд аргагүйн эрхэнд элсэмшээ болсон байх. Яг сургуульд явдгийн даваан дээр тахир Гончигийн дээр зувчуулж хадгалуулсан миний наян хонь, Мараа Баасангийн дээр байсан хориод адууг гаргаж ирээд балалчих шахаад би дээгүүр хуйвалдаж байж бүгдийг нь нэгдэлд данслуулсан болоод хоёр яс салж билээ.
Тийм хорлонтой юмыг энэнээс өөр хэн матах вэ. Энэ мөн л дөө. Ардчилал ялмагц би намаас гарч Ардчилсан намдаа орж нэгдлийг тараан малчдыг өмчтэй болгох ажлыг ухуулж ахмад хүний хувьд зааж зааварлаж эхлэхэд танай Жанжаа чинь ” баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр бас л чонон санаа гаргаж, ” Нэгэнт бий болсон хамтын байгууллагыг тарааж яах юм. Манай дээр байгаа 500 хонио ТӨРИЙН ДАРХАН СҮРЭГ болгоод дансалчих”. Бид жил бүр төлийг нь авч байя. Олигтойхон маллавал хоёр жилд л мянган малтай болно биз дээ? Нэгдэл энэ 500 малаа хэзээ авна, хэндээ өгнө дураараа болог. Жил бүр бид 50 төлөөр дүүргэж байя. Суурь бүрээс 50 мал авч жил бүр зарлагадаад байхад мал аж ахуйтай сумын удирдлага төсөв байхгүй гээд элгээ эвхээд зогсож байхгүй дээ. Бас 500 малын ноос ноолуур гэж хөөрхөн ашиг гарна. Олон малтай болсон нь 500- гаа өөр айлд шилжүүлж хувийн өмчийн мөрөө хөөвөл хөөнө л биз. Ажилгүй малгүй хүн сумын төвөөр дүүрэн байна. Тэд хөдөө гараад хоёр жил болоход бас л наана гэхэд 900 малтай болно. Өөрсдийн нь маллагаа л мэднэ…гэж үймүүлээд … Мөн үү? гэснээ гэнэт ухасхийн бослоо. Дүнсгэр
– Ганц болж! гэсээр араас нь гарч үдэж өгөмшөө болов. Өвгөн тэр үгийн өнгөнд хуйсганаж морио давиран хөдлөх зуураа – Чи ч Дүнсгэр биш, энэ талийгаачийн шийрийг хатаах өрөөсөн сүүж нь болжээ, Сэнгэнүүрийн чинь үгээр ардчиллын буян л байхдаа? Яа Ламах биш Яраглаа дарга гэх хуучны албаар намайг шархтай бэлтрэг шиг өширхөн хялалзаад байх шив. Надад биш тийм замаар оруулсан намдаа гомд…Мөн үү?! гэхэд Дэмидийн зэвүү хүрч – Таны үгээр ” Одооны ” лам ч лам биш болжээ. Ер нь та ЛАМ КОММУНИСТ яг шаазхай шиг алаг хүн юм…гэж олон үеийн лам мэддэг юм шиг их үгээр амыг нь таглаад явуулчихав.Уг нь энэ хоёр хөгшин амьдралдаа ганц өнчин ишиг булаалдаагүй мөртлөө ийм болчих гэж…гэхээс гайхмаар, харамсмаар авай. Хэнд ч юм цухалдан долширмол эхнэр хүүхнүүдийн ичиж эрээлхээ мартсан дээгүүр доогуур шивнээг дурсч “Яраглаа Ламах даналзсан дарга дарцаглаж явах үедээ нөхөргүй… бэлэвсэн, дэл сул, эмсийн бүртгэл дотроо жагсаан гүйцээж явсан. Одоо бэлх чалх нь харьсан мөртлөө, хурга ишиг барьж чадахгүй үнгэдэг хөгшин чоно шиг шар шимжлэн ноодох шүлсдэхээсээ цаашгүй ёстой тамлачихдаг юм гэнэ лээ” гэсэн аальгүй доог шоог сэтгэлдээ сүүтгэнүүлэн гиюүрсээр… Үргэлжлэл бий.
ТҮҮХЧ, ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ БЭСҮД.Н.НАГААНБУУ агсаны ” АЛТАЙН ТЭНГЭР” романаас.