Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтад Хан-Уул дүүргийн 60, 114, 34, 41, 18, Баянгол дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, 67, Чингэлтэй дүүргийн 5, 50, Баянзүрх дүүргийн 21,53, 85, 79, 111, 132, 102, 120, 137, Амгалан Цогцолбор, Улаанбаатар дунд, Төгс дэлгэрэх, Криллица зэрэг төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус өмчийн 70 дунд сургууль хамрагджээ.
Эдгээр сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байсан байна. Цайны газруудын 32 хувь нь чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки зэрэг зарим нэр төрлийн худалдахыг хориглосон бүтээгдэхүүн зарж байжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 5, 50, Сүхбаатар дүүргийн 1, Баянгол дүүргийн “Оюун төв” зэрэг шалгалтад хамрагдсан сургуулийн 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” бэлтгэх үйлдвэрлэл явуулдаг орчиндоо холбогдох байгууллагаар ажил үйлчилгээ явуулах дүгнэлт гаргуулаагүй байсан гэнэ.
Үүнээс гадна шалгалтанд хамрагдсан сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй. Журманд заасан газраас өөр эмнэлгийн байгууллагаар дардас даруулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.