“Ээжээ би олимпиадад оролцоно. 5000 төгрөг авчраарай гэсэн шүү …” гэх дөрөвдүгээр ангийн хүүхдийг хараад олимпиадад оролцоход мөнгө юунд хэрэгтэй юм бол гэсэн бодол төрсөн юм. Олимпиад гэдэг нь мөнгө хурааж, шагнал гардуулахдаа гол нь биш тухайн хүүхдийн мэдлэгийг шалгаж, бусдад үлгэр дуурайл болгох зорилготой биш бил үү.
Тэгвэл боловсролын салбарт үүрлээд буй нэгэн нууцлаг бизнес нь олимпиад нэртэй мөнгө завших үйлдэл болсон гэж олон эцэг эх дургүйцэж байна. Өнөөдөр сургуулиуд хичээл бүрдээ “нэрэмжит” хэмээн сүржин нэрлэсэн олимпиадыг зохион байгуулж байна. Үүндээ анги бүрээс заавал 3-5 хүүхэд оролцуул гэсэн тушаалтай. Хураамж нь 3000-5000 төгрөг. Заримдаа бүр ангиараа оролцоно.
Тавдугаар ангийн 30 хүүхэдтэй анги олимпиадад оролцлоо гэхэд зөвхөн нэг ангиас 90000 төгрөг цуглана. Багаар бодоход таван бүлэг гэхээр 450000 төгрөг. Энэ мөнгө I-XII ангийн бүх хүүхдийг хамрахаар хэдэн төгрөг болох бол. Үүнээс түрүүлсэн хүүхдэд сайндаа л медаль, өргөмжлөл гардуулж буй харагддаг. Тэгвэл үлдсэн мөнгө нь хаашаа очиж, юунд зориулагддаг нь сонин. Зөвхөн нэг аймагт сүүлийн долоон жилийн хугацаанд зохион байгуулагдсан олимпиадад 17725 хүүхэд оролцсон гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ тоолонд хүүхэд бүрээс 3000 төгрөг хураасан гэж үзвэл 53175000 төгрөг болж байна. Харин шагналт байранд орж медаль хүртсэн хүүхдүүдийн тоо 2200 орчим байгаа юм. Тэгэхээр дээрх мөнгөний багахан хэсгийг сурагчдын шагнал урамшуулалд зарцуулсан болж таарч байна.
Энэ мэт олон жишээ байх. Зарим эцэг эхээс сэтгэгдэл сонслоо. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Манай хүүхэд 76 дугаар сургуульд сурдаг. Энэ жил хоёр удаа олимпиадад оролцоно гэж 10000 төгрөг авсан. Өөрийнх нь хэлснээр ангийнхан нь бүгдээрээ оролцож байгаа гэсэн. Ер нь олимпиадад оролцоход яагаад мөнгө хураадгийг ойлгохгүй юм. Сурагчиддаа медаль, өргөмжлөл хийгээд урамшуулчих мөнгө байдаггүй юм байх даа” гэв. БЗД-ийн иргэн Х.Ариунжаргал “Манай хүүхдүүд 87 дугаар сургуульд сурдаг. Том нь долдугаар анги, бага нь дөрөвдүгээр анги. Хоёулаа энэ жил математикийн олимпиадад оролцсон. Нэг ангиас таван хүүхэд оролцдог юм билээ. Хураамж гэж 3000 төгрөг авсан” гэлээ. Энэ бол хамгийн ойр байгаа жишээ. Олимпиад нэрээр хүүхдүүдээс мөнгө татаж, бизнес болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Өнөөдөр олимпиадад зориулсан, нарийн хуулийн заалт, хяналт алга. Энэ нь хуулийн цоорхой болж, үүнийг овжиноор ашиглах хүмүүс байна. Тиймээс олимпиадыг хязгаарлая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
8 comments
захирлуудын бизнес шүү дээ.
Өмнө жил 51-р сургуулийн ард Технолгийн сургууль гэсэн байхаа тэнд олимпиадтай гээд очсон чинь анги нь хүрдэггүй ямарч зохион байгуулалтгүй, цаад утга нь хүүхдүүдээс баахан мөнгө авдаг юм байлэ.
Багшлах эрхийн үнэмлэх бүр 35000 төгрөг ба интернэтээр бүртгүүлэхээс гадна 1 жилийн хүчинтэй. Дээр нь 3 сардь 8 сард л авна
багшлах эрх өгдөггүй бол багшийн сургуульд сураад яах юм бэ. Бас Энэ мэтчилэн мөнгө олох арга болсон төрөл бүрийн уралдааан олипиадыг цэгцэлмээр юмаа.
Yaj amar hyalbar argaar mongo oloh ve gej tolgoigoo gashilgagch nar olon bolj. Ternii neg ni bolovsroliin sistemd bgaa olimpiad nereer huuhduudees mongo huraah yavdal yum. Olon huuhdees mongo huraaj bagahan hesgeer ni temtseen zohion baiguulsan bair shagnaliin mongo gej gargaad uldsen ni tsever ashig bolj bgaa yum. oorsdiinh ni harmaanaas avsan mongonii baga hesgeer ni bayarluulsan bolood uldseneer ni holjih arga. Enend hyanalt tavidag surguuliin zahirgaa bdag bol uu.
Зарим багш, хүүхдүүд хаана ямар олимпиад болох нь вэ гээд фэйсээр сурагладаг болсон байна. Овжин нөхдүүд тийм ч олимпиадын материал чатаар зарна. үнэ …. төгрөг гээд бичих болж. Үүнийг хариуцсан яам, аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд цэгцэлж чадахгүй юм бол ажлын байраа тавьж өгмөөр юм.
Энэ олимпиад гэдэг юмыг цэгцлэх ухаантай сайд дарга нар байдаггүй бололтой.Манай хүүхэд 5-р сургуульд сурдаг.Энэ сургууль бараг 7 хоног бүр нэрэмжит олимпиад нэртэй мөнгө угаах ажил зохион байгуулдаг.Сургуулийнхаа сагс,волейволын тэмцээнийг явуулахад хүүхэд бүрээс мөнгө хураадаг.Энэ сургуулийн захирал Гэндэнсүрэн гэдэг нөхөр хандив хураамжаар эцэг эх сурагчдыг сөхрүүлж байгаа нэгэн гэдгийг анхаардаг газар ч алга.Жилийн өмнө цайны газар шинээр байгуулна гэж сургуулийнхаа 3000 гаруй хүүхэд бүрээс 3000 төгрөг хураагаад подволоос подволын хажуу өрөө рүү зөөсөн,юү хийсэн нь тодорхойгүй,хуучнаасаа огт дээрдээгүй,сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга гэж нэг нөхөр мөнгийг нь хураагаад хийсэн ажлаа тайлагнаагүй,сургуулийн эцэг эхийн нэгдсэн хурлыг сүүлийн 2 жил хийгээгүй,санал хүлээн авах эзэн алга
Яг үнэн юм бичжээ. Олимпиадыг хязгаарлах нь зөв.