Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд шалгалтаа нарийвчилж, Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэлжээ-
Гадаадын улс орнууд Монголд гарсан малын гоц халдварт өвчнөөс цэрвэж, хил гаалийн шалгалтаа чангатгажээ. БНСУ л гэхэд МИАТ, “Кореан эйр” компанийн онгоцноос буусан зорчигчдыг толгой дараалан нарийн чанд шалгаж, тээш болгонд шар цоож зүүгээд оруулдаг болжээ.
Өчигдрийн буюу 2018.03.04-ний оройн нислэгээр очсон зорчигчдын бараагаа хураалгаж буй бичлэгийг Нүүдэлчин монголчууд фейсбүүк группд нийтэлсэн байна.
https://www.facebook.com/badarch.dugerjav/videos/1587242138061305/
Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд шалгалтаа нарийвчилж, монгол “шошго”-той болгоныг хурааж эхэлжээ. Ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнийг тэд нэг нүдээрээ ч харахгүй болжээ. Урьд нь хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан солонгосчууд энэ удаад лаазалсан бүтээгдэхүүнийг ч үлдээхгүй хурааж эхэлжээ.
Гадаадын улс орнуудыг зоригсод нутгаа санасан ахан дүүстээ зорин авч очдог цөөн бүтээгдэхүүн бий. Хорхой ааруул, борц, хиам, жигнэсэн мах гэхчилэн зөвхөн Монголд л үйлдвэрлэдэг, Монголын брэнд болсон бүтээгдэхүүнүүд Солонгосын гааль дээр бөөн бөөнөөрөө хураагдан хогийн сав руу шидэгдэж байна. Тус улсын гаалийн ажилтнууд “Монголд малын гоц халдварт өвчин гарсан учраас махан бүтээгдэхүүн оруулахыг хатуу хориглосон” гэсэн тайлбар өгч байгаа юм. Лаазалсан бүтээгдэхүүн хил гааль дээр хураах учиргүйг тайлбарлаад ч хүлээн авахгүй хураах болжээ.
Нэг кг хорхой ааруул 12-15 мянган төгрөг, нэг уут /уутандаа 400-800 гр/ борц 18-25 мянган төгрөг, бүрэн утлагат хиам багадаа 7000 төгрөг, вакумдсан мах 20-28 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Дээр нь манайхан үхрийн мах шуузалж, хонины гуя шараад авч явахдаа ч сийхгүй. Энэ бүхнийг тооцвол багагүй хэмжээний хөрөнгө мөнгө Солонгосын хил дээр хогийн саванд орж байна. Тиймээс алс холыг зорьж буй хүмүүстээ мах, махан бүтээгдэхүүн, хиаманд мөнгөө бүү үрээрэй гэдгийг онцгойлон анхааруулъя. Өдөртөө 50-60-аараа виз мэдүүлж хүлээхийн зовлон дээр хил гаалиар хүссэн бүтээгдэхүүнээ авч гарч чадахгүйн бэрхшээл ийн нэмэгджээ.
Малын гоц халдварт өвчин газар авч, улсын маань нэр хүнд шалан дээр унасныг мэдэж байгаа дарга, сайд, эрх мэдэлтнүүд байна уу гэдгийг дахин асуумаар байна. Яг өнөөдрийн байдлаар л гэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдээд байгаа юм. 10 гаруй газарт шүлхий өвчин, гурван газарт мялзан өвчин гарсны улмаас хорио цээр тогтоогоод байна. Нийслэлийн үүд хаалга болсон Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин гарч, манай улсад ирж гадаадын жуулчид айдас түгшүүр тээж байгаагийн дээр гадаадын улс оронд Монголын нэр хүнд шороотой хутгагдаад байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж eshlel.com