2018-03-06 12:301min022

“Үнэгүй юманд дуртай” монголчуудын араншин

mongol

Гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэд бүх музейг үнэгүй үзэх боломжийг БСШУСЯ-наас олгож байгаа. Хүнгүй шахам эл хуль байдаг музей энэ өдрүүдэд олны хөлд дарагдаж ёстой л амь орж байна. Хүүхдээ дагуулсан эцэг эх, анги хамт олноороо яваа хүүхэд багачуудаас авхуулаад хөгшин залуу бүгд музейн үүдэнд урт дараалал үүсгэсэн нь хачирхалтай ч гэмээр. Уг нь музей үзэх нь тийм ч үнэтэй биш. Том хүнээс 5000-8000, хүүхдээс 500-2000 төгрөгийн хураамж авдаг.

Хэдийгээр түүх соёлтойгоо танилцах боломж олгосон сайшаалтай зүйл боловч үүнээс хархад “үнэгүй юманд нугасгүй” манайхны араншин илэрч байна. Угтаа бол ядуу ч гэсэн хашаан дотроо гэртээ, нэг музей үзэх мөнгөөр ундаа, пийв, тамхи авчихдаг, амралтын өдрүүдээр аялал зугаалгад явчихдаг баян улс.  Ер нь монголчууд бид их сонин араншинтай.

Хэн нэгэн “хор” байсан ч сайн гээд хэлчихвэл олноороо хошуурах уулгамч зантай. Үнэтэй барааг ч “Хямд” гээд биччихвэл бөөндөж уралдаж авах янзтай. Одоогоос хоёр жилийн өмнө Азийн жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлэгч “Е mart”-ын сүлжээ дэлгүүрийн салбар үүдээ нээх үеэр үйлчлүүлэгчдийн дунд үймээн өрнөж цагдаа дуудан хаалгаа барихаас аргагүйд хүрч байсан. Тухайн үед бүх хүнд бараа хүрэлцээтэй байгаа гэдгийг ойлгуулах гээд нэмэр болоогүй гэдэг. Энэ мэтчилэн монголчууд бид аливаа зүйлд ул суурьтай хандаж, нэгнээ хүндлэх соёлд суралцмаар байгаа юм.