Америкийн Лос-Анжелес хотноо 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Ёслолын арга хэмжээний хөтлөгчөөр инээдмийн жүжигчин Жимми Киммел хоёр дахь удаагаа ажилласан байна. Тэрбээр өнгөрсөн онд “Шилдэг кино”-г зарлах үед жүжигчид дугтуйнуудаа андуурсан тохиолдлыг хошигнон хэлж, ёслолын ажиллагааг нээжээ.
Харин энэ жил “Шилдэг кино” гол номинацийг хэлгүй эмэгтэй, газар, уснаа амьдрах чадвартай эр хоёрын хайрын тухай өгүүлдэг “Усны хэлбэр” уран зөгнөлт мелодрам кино хүртсэн байна. Уг киног Гильермо дель Торо найруулсан юм.
Харин шилдэг эмэгтэй жүжигчнээр “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” кинонд тоглосон МакДорманд хүртсэн бол Черчиллийн дүрийг бүтээсэн Хэри Олдмэн шилдэг эрэгтэй жүжигчин болжээ.
“Усны хэлбэр” нь хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ рекорд тогтоосон байна. Тус кино 13 номинацид нэр дэвшиж, дөрөвт нь ялалт байгуулжээ. Хүмүүс “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киног шилдгээр шалгарна гэж таамаглал дэвшүүлж байжээ.
Мексикийн кино найруулагч Гильермо дель Торо Холливудын жүжигчин Уоррен Битти, Фэй Данауэй нараас шагналаа гардан авч байхдаа “Би энэ шагналыг гараагаа эхэлж буй бүхий л найруулагчдад зориулмаар байна. Бяцхан хөвгүүн би Мексикт амьдардаг байхдаа гадаадын кинонуудыг биширдэг байлаа. Бас хэзээ ч ийм зүйл болно гэж бодож байгаагүй ээ. Гэвч бүх зүйл болж бүтдэг юм байна” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрбээр Оскарын шилдэг найруулагчийн шагналыг авах үеэрээ “Уран зөгнөлөөр дэлхий ертөнцөд болж буй зүйлийг өгүүлэхийг хүсч байгаа бүх хүн үүнийг хийж болно шүү. Энэ бол таны нээж чадах үүд хаалга юм” гэжээ.
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Фрэнсис МакДорманд “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киноны дүрээрээ хүртсэн. Уй гашууд автсан ч сэтгэлийн хатаа алдаагүй эхийн дүрд тоглосон МакДормандын хувьд энэ бол хоёр дахь “Оскар” нь. Тэрбээр хамгийн анх 21 жилийн өмнө “Фарго” кинонд тоглосон дүрээрээ шагнал хүртэж байсан билээ. Шагналыг жүжигчин Женнифер Лоуренс, Жоди Фостер нар гардуулсан байна.
“Хэрвээ би унавал намайг өргөөрэй. Учир нь би ямар нэгэн чухал зүйл хэлэх ёстой болчихоод” байна хэмээн үгээ эхлүүлсэн жүжигчин бүсгүй амьдрал дээр болон кино талбар дахь тэгш байдлын талаар ярьжээ. “Би Мартин Макдонахт хийсэн зүйлсэд нь талархал илэрхийлмээр байна. Би зүгээр л танхайчууд, анархистуудын бүлэг ч бид биеэ зөв авч явж чаддаг” хэмээн Фрэнсис МакДорманд өгүүлжээ.
“Миний эргэн тойронд өнөөдөр найруулагч, кино зохиолч, кино дэглээч, дизайнер, хөгжмийн зохиолч гээд дүүрэн эмэгтэйчүүүд байна” хэмээн жүжигчин бүсгүй хэлэхэд олонх эмэгтэйчүүд энэ үгэнд нь босч, хүндэтгэл үзүүлжээ.
“Эргэн тойрноо хар даа. Учир нь бидэнд бүгдэд нь хэлэх зүйл байна. Миний хувьд та бүхэнд хэлэх хоёр үг байна. Inclusion rider” хэмээжээ. Жүжигчин бүсгүй олон хүнд ойлгомжгүй, интернэт хэрэглэгчдийн дунд тархсан нэгэн нэр томъёог давтсан нь энэ юм. Энэ бол арьс өнгө, жендэрийн тэгш байдлыг зарчимд нийцүүлэн зураг авалтын группийн үүргийн талаар өгүүлж байгаа юм.
Харин “Хар цаг үе” кинонд Уинстон Черчиллийн дүрд тоглосон Хэри Олдмэн шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Британийн жүжигчний хувьд энэ бол анхны “Оскар” нь. “Кино бол намайг хүүхэд байхад, Лондоны өмнөд хэсэгт амьдарч байхад сонирхол татаж, надад итгэл найдвар төрүүлсэн хүч юм” хэмээн хэлсэн Олдмэн “Черчилль надад сайхан хамт олон бий болгож өгсөн. Тэдэндээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ирэх онд 99 насыг зооглох ээждээ талархаж “Цайгаа тавиарай. Би Оскартай очиж байна шүү” хэмээн хошигносон байна. Олдмэний шагналыг жүжигчин Хелен Миррен, Жейн Фонда нар гардуулжээ.
Бусад шагналууд
“Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн ялагчаар Сэм Рокуэлл “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киногоороо тодорсон. Тэрбээр бусад нэр дэвшигчдэдээ хандаж “Залуус аа, та нар мундаг шүү” хэмээн хэлжээ. Түүнтэй хамт энэ номинацид Уиллем Дефо “Флорида”-гаараа, Вуди Харрельсон “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд”-оороо, Ричард Женкинс “Усны хэлбэр”-ээрээ, Кристофер Пламмер “Дэлхийн бүх мөнгө”-өөрөө хүртсэн юм.
Гадаад хэл дээрх шилдэг киногоор Чилийн найруулагчийн “Фантастик эмэгтэй” тодорсон.
- Шилдэг нүүр будалт, үс засалт –“Хар цаг үе” кино жүжигчин Хэри Олдмэнийг Черчиллийн дүрд хувиргаснаараа
- Шилдэг хувцасны дизайн-1950-аад оны Британийн загварынхны тухай өгүүлсэн “Үл үзэгдэгч утас”
- Шилдэг баримтат кино-Оросын спорт дахь сэргээшийн тухай “Икар” кино хүртсэн. Киног хийхэд Москвагийн Сэргээшийн эсрэг лабораторийн тэргүүн асан Григорий Родченков оролцжээ. 2006-2015 онд Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийг удирдаж байсан Родченковыг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA-гийн Оросын спорт дахь сэргээшийн асуудлын гол мэдээлэгч гэдэг.
- Шилдэг дууны монтаж, шилдэг дуу-Кристофер Ноланы “Дюнкерк” кино
- Шилдэг уран сайхны найруулагч-“Усны хэлбэр”
- Шилдэг туслах дүр-“Би, Тоня” киногоор Эллисон Женни
- Шилдэг анимэйшн кино-“Кокогийн нууц”
- Шилдэг анимэйшн богино хэмжээний кино-“Лос-Анжелес Лейкерс”-ийн тоглогч асан Коби Брайант “Хүндэт сагсан бөмбөг” богино хэмжээний киногоороо хүртжээ.
- Шилдэг визуаль эффект-“Ирэн дээгүүр гүйгч: 2049”
- Шилдэг монтаж-“Дюнкерк”
- Шилдэг операторын ажил-Рожер Дикинс “Ирэн дээгүүр гүйгч: 2049” ажлаараа
- Шилдэг өвөрмөц кино зохиол-“Цаашаа” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай аймшгийн кино. Америкийн жүжигчин Жордан Пил кино зохиолоо бичиж, уг киноныхоо найруулагчаар ажиллажээ.
- Шилдэг хялбаршуулсан кино зохиол-Кино зохиолч Жеймс Айвори “Намайг нэрээрээ дууд” киногоороо
- Баримтат богино хэмжээний кино-“Диваажин бол 405 дахь түгжрэл”
- Киноны шилдэг дуу-“Усны хэлбэр”