Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, захиалагчаас бусдыг илрүүлсэн билээ. 1998 онд үйлдэгдсэн уг хэргийг 2017 онд буюу 18 жилийн дараа шүүсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан юм.
Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан билээ.
С.Зоригийг хөнөөсөн хүмүүс хууль ёсны дагуу шийтгэлээ хүртсэн ч цаад захиалагчид нь чухам хэн байв гэдэг өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Одоогоор хууль, хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг хэргийн дамжуулагч, захиалагч нарыг мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Саяхан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох материалыг нууцаас гаргах ажиллагаа явагдсан ч хэргийн дамжуулагч, захиалагч нарт хамаарч болох хавтаст хэргүүд хөшигний ард “нууц” хэвээр үлдсэн.
Мөнхүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зүгээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэнд эрүү үүсгэн шалгах чиглэл өгсөн гэсэн мэдээлэл явж буй. Энэ мэдээлэл батлагдахгүй байгаа ч эх сурвалжууд шууд үгүйсгэхгүй байгаа нь анхаарал татав.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, хэргийн дамжуулагч, захиалагчийг илрүүлэх мөрдөн байцаалтын явцад өмнө нь хэргийг шалгах ажлыг ахалж байсан нэр бүхий гурван хүнээс мэдүүлэг авч, хавтаст хэрэгт хавсаргах саналыг прокуророос гаргасан аж. Тэгэхээр прокурорын уг саналыг шүүх хүлээн авах эсэхээ шийднэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах ажлыг ахалж байсан нэр бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авах нь зүйтэй гэж шүүхээс үзсэн тохиолдолд тэдний мэдүүлэг хавтаст хэрэгт хавсрагдах аж.
Эх сурвалж: Medee.mn
1 comment
Хуулийнхаа заалтыг удирдлага болгоод,өргөсөн тангараг гаргасан батлагаагаа бодоод тэр энэ нам тэр дарга энэ дарга гэхгүйгээр шулуун шудрага л шалгаад ард түмэндээ ил тод тайлагналдаа,ингэсэн тохиолдолд ард түмэн хамгаалалтандаа авна шүүдээ,мэдээжийн юман дээр л олон жил элдэвлэлээдээ,ард түмэн ч бас ч гэж сохор дүлий мангар тэнэг бишшүү?захиалагч байгаа л гэсэн бол гаргалдаа,энэ чинь нэг их ядаад,харь гаригаас эрээд байх зүйл бишшүүдээ,энэ хэргийг хөдөөний малчин,захын наймаачин,шоронгын хоригдол захиалаагүй нь ойлгомжтой.