Онцгой байдлын алба хаагчид Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр унтраалаа. Тус аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Зүрхийн даваа гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт өчигдөр 6:26 цагийн орчимд галын дуудлага ирсэн байна. Энэ дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж ажиллан 19:40 цагт бүрэн унтраажээ. Түймрийн цурмыг бүрэн унтрааж, аюулгүй болгох ажлыг хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын хилчид хариуцаж байгаа юм байна.
Энэ жил Дорнод аймгийн ихэнх сумдад цас бага орж хараар өвөлжсөн тул хаврын хуурайшилт эрт эхэлж магадгүй байгааг албаны хүмүүс анхааруулав. Тиймээс иргэд малчид, иргэд, зорчин явагсдыг гал түймрийн аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.