Японы шигшээ багийн гишүүн, шорт-трекийн тамирчин Кэй Сайто Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохиогдож буй өвлийн олимпийн наадмын сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Энэ талаар Kyodo News мэдээлсэн байна.
21 настай тамирчны шинжилгээний дээжээс хориотой бэлдмэл илэрчээ. Одоогоор яг ямар бодис илэрснийг нь дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Японы Үндэсний олимпийн хороо өнөөдөр хэвлэлийн тусгай хурал зарлаж, шорт трекийн тамирчныхаа эерэг хариутай холбоотой мэдээллийг хийнэ. Сайто нь 5000 метрийн буухиад Японы шигшээд нөөцөнд тоглохоор ирсэн. Энэхүү алсын зайн тэмцээний эцсийн шат энэ сарын 22-нд болно. Сайто нь өвлийн олимпийн наадамд сэргээшийн хариу нь эерэг гарсан Японы анхны тамирчин болж байгаа юм.