2018-01-16 14:391min01

“The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин 46 насандаа таалал төгслөө

cranberries

“The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин, дууны үг, ая зохиогч Долорес О’Риордан 46 насандаа зуурдаар таалал төгслөө.

Ирландын RTE теле радио компанийн мэдээлснээр Долорес О’Риорден өчигдөр (2018.01.15) Лондон хотноо нас барсан байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Лондоны зочид буудлын өрөөнөөс түүний цогцсон олдсон гэх мэдээлэл байна.

“Тэрээр Лондонд хэд хэдэн дуу бичүүлэхээр ирсэн байсан. Бусад зүйлийг одоогоор мэдэгдэх боломжгүй байна” гэж дуучны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Долорес О’Риорден 1990 онд буюу 18 насандаа “The Cranberries” хамтлагт нэгдсэн юм. Тэрээр 2003 оныг хүртэл тус хамтлагийн гоцлол дуучин, хамтлагийн нүүр царай байлаа.

Харин 2003 оноос бие даасан уран бүтээлээ хийж, хоёр ч цомог гаргасан юм. Гэвч тэр үүгээр зогссонгүй. Кинонд тоглож, киноны дуу дуулж байлаа. Тэрээр Duran Duran хамтлагийн менежертэй гэрлэж, таван хүүхэдтэй болжээ.

“The Cranberries” бол “Zombie” дуугаараа дэлхий нийтэд алдаршсан Ирландын домогт хамтлаг билээ.