Венесуэлийн эдийн засгийн хямрал, Ираны тогтворгүй байдлыг ажиглаж байна хэмээн ОПЕК мэдэгдэв. Энэ улсуудын тогтворгүй байдал намжсаны дараа л бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тэд мэдэгдэж байна. Венесуэлийн эдийн засгийн асуудлууд нь тус улсын газрын тосны олборлолтыг цохилтод оруулж, сүүлийн 30 жилийн хамгийн бага төвшинд аваачсан билээ. Гэвч Ираны хар алтны бүтээгдэхүүн ховордоогүй ч Засгийн газрын эсрэг жагсагчдын давалгаа үргэлжилж байна.
Харин худалдаачдын хэлж буйгаар Газрын тосны экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гурав дахь том нийлүүлэгч болох Иранд өрнөж буй эсэргүүцэл нефтийн үнийн хөөрөгдлийг бий болгожээ. Олон улсын биржүүдэд LCOc1 түүхий нефть нэг баррель нь 67.52 ам.доллараар худалдаалагдаж байв. Өнгөрсөн долоо хоногт Ираны мөргөлдөөний улмаас энэ ханш 2015 оны тавдугаар сараас хойш анх удаа 68.27 ам.долларт хүрсэн юм. ОПЕК-ийг тэргүүлэгч улс болох Саудийн Араб нефтийн үнийг нэг баррелийг нь 60 “ногоон”-оос буулгахгүй байх хүсэлтэйг үндэсний газрын тосны компани “Aramco” мэдэгдэж байна. Ингэснээр улсын төсвийн алдагдлыг бууруулах боломжтой болно гэдгийг Сауди дахь эх сурвалж мэдээлсэн байна. “Иран, Венесуэлийн нөлөөгөөр нийлүүлэлт буурвал ОПЕК бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхгүй” гэж ОПЕК-ийн дээд албан тушаалын нэгэн эх сурвалж хэлжээ.
САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ХЯТАДУУД ЮУ ХИЙХ ВЭ
Банкны салбарын тогтворгүй байдлаас сэргийлж, санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд зохицуулалтаа улам чангатгах гэж буйгаа Бээжин танилцуулж байна.
Хятадын банкны зохицуулах хорооноос өчигдөр мэдэгдсэнээр банк болоод банк хоорондын активуудад тавих хяналтыг нэмэгдүүлэх аж. “Банкны хувь эзэмшлийн менежмент, компанийн засаглал, эрсдэлийн удирдлагын механизм зэрэг нь харьцангуй сул байгаа нь цаашид эмх замбараагүй байдлыг бий болгох үндэс болно” гэж тус хорооноос мэдээллээ. “Банкны салбарыг хяналтад байлгаснаар урт хугацаандаа үр дүнгээ өгнө” гэж энэ мэдэгдэлд мөн дурдсан байлаа.
Зохицуулагчдын хэлж буйгаар компанийн засаглал, хөрөнгийн зээл, үр ашиггүй хөрөнгийн борлуулалт зэрэгт одоо ч байсаар байгаа зөрчлүүд нь банк хоорондын активуудад эрсдэл учруулах гол зүйл болох юм. Үүнээс өмнө ч Хятад улс банкны системийн цэвэр байдлыг хангана хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад зохицуулагчид эрсдэлийн удирдлагыг чангатгаж, санхүүгийн систем дэх хөшүүрэгт чиглэсэн шинэ арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.
Тухайлбал, энэ сард тус хорооноос ганц хувьцаа эзэмшигчид ихэнх хувьцаа нь хуримтлагдсан арилжааны банкуудын тоог хязгаарлах журмыг хэвлэн гаргасан билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Си Жиньпин “Санхүүгийн аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал” хэмээн зарласан юм.
ЮАНИЙГ ХҮЛЭЭХҮЙ
Хятадын ДНБ, үйлдвэрлэлийн гарц, жижиглэн худалдааны тойм зэрэг нь нэлээд сул үзүүлэлттэй гарах төлөвтэй байна. Экспорт, Засгийн газрын зардал нь өнгөрсөн жилүүдэд Бээжинд хөшүүргийнхээ хэмжээг бууруулах, хөрөнгийн илүүдэл гаргах зэргийг эн тэнцүүлсээр ирсэн юм. Түүнчлэн хямд юань эдийн засгийн шүүмжлэлт байдлыг бий болгосоор ирсэн. Өнгөрсөн жил юанийн ам.доллартай харьцах ханш долоон хувиар өссөн ч энэ байдал намжаагүй юм.
Гэвч зарим шинжээчийн тайлбарлаж буйгаар энэ нь байх ёстой хэмжээндээ хүрсэн ханш аж. АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшийн өсөлтийг хэвийн төвшинд байлгах нь өнөөдрийн анхаарал татсан сэдэв болоод байна. Иймд хөгжингүй орнуудын төвбанкууд энэ чигт анхаарлаа илүүтэй төвлөрүүлж байгаа билээ. Ам.долларын ханшийн өсөлт, газрын тосны үнийн хөөрөгдөл зэрэгт хамгийн эмзэг улсуудын нэг нь Турк. Өмнө нь инфляцийн төвшин 12.75 хувьд хүрч байсан бол одоо ч энэ үзүүлэлт хоёр оронтой тоонд хэвээр байна.