Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ыг тараах эрх мэдэл байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн саналаа хэлэхдээ ” Сэтгэл зүрх бидэнд алга. Монгол улсад соён гэгээрүүлэх асуудал ярья гэхээр урлаг, спортын хэдэн залуус байна. Өөр хүн алга. Өнөөдөр бид хот хөдөөгийн амьдрал гэсэн монголчууд бий болсон. Ийм байдлаар яривал энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Хөдөөг хөгжүүлье гэж бид УИХ болгон дээр ярьдаг. Нийслэл болон төвлөрсөн суурин газар руу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах үүднээс ажлын байр бий болгох, зах зээлийн орчныг сайжруулах гээл яриад байдаг. Яагаад тодорхой зааж өгч болдоггүй юм. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм.УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү” гэсэн юм. Үүний хариуд хуралдаанд оролцож буй гишүүд Ерөнхийлөгчид өөрийн санал, шүүмжлэлийг хэлэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа бүгдээрээ огцоръё.
Утаа хэдхэн сарын дотор арилахгүй. Тийм байтал цагаан сар болонгуут утаа арилсангүй гээд төрийн тэргүүн УИХ-ыг тараана гээд гүйх юм байна л даа. Утаагаар улс төр, шоу хийдгээ боль. Хариуцлага үүрэх ёстой гэвэл УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа бүгдээрээ огцоръё.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Та нар ойлголцоод ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг
Та нар ойлголцоод ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Аль аль нь амлалтаа биелүүл. Та нар загвардаад яваад байгаа учир олон түмэн талцаж байна. Гэгээрэл оюуны түвшинд юу ч хийхгүй байна. Би хийдгээрээ хийнэ, яаж оюуны түвшинд мандаадгийг үзүүлнэ. Нийгэм сэтгэлзүйн хар утаанд автаж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш
УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Хуралдаж байх явцад Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоох талаар албан бичиг ирсэн байна лээ. Утаа гамшиг болсон уу гэвэл гамшиг мөн. Гэхдээ утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш. Урт хугацаанд ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн шийдлийг ярьсан байгаа. Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй гэдгийг уламжилж байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгч популизм хийхээ боль
-Ерөнхийлөгч сая утааны асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараана гэлээ, тийм эрх байхгүй. Популизм хийхээ боль. Утаа 2000 оноос хойш байсан, мөнхийн дарга байх, мөнхийн төрд байх сонирхолтой хүмүүсийг гаргахаа больчихвол утаа арилна.