Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлмэгдэгчдийн хохирлыг барагдуулахад төрөөс анхаарч ирсэн
Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.
Энэ үндсэн дээр хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.
Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн зарим зүйл, заалтыг нарийвчлан тодотгоход чиглэсэн зарим өөрчлөлт оруулахаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нөхөх олговрыг хэзээнээс олгож эхлэхээр тооцож байгаа, түүнээс татвар хураамж авах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд улс төрийн хилс хэргээр цаазлагдсан, ял эдэлж байсан хэлмэгдэгчийн үр хүүхдэд олгох нөхөх олговрын хэмжээг ямар зарчмаар хэрхэн тооцсон, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд одоогоор шийдлээ хүлээж байгаа өргөдөл гомдол, мөн шалгагдаагүй хэрэг материал хэр олон байгаа, энэ ажлыг хэзээ дуусгах боломжтойг Ажлын хэсгээс тодруулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд өмнө нь нөхөх олговрын мөнгө, бас орон сууц, гэр олгох зэргээр олон арга хэмжээ авч хохирлыг нь барагдуулахад төрөөс зохих ёсоор анхаарч ирсэн.
Энэ удаагийн зохицуулалтыг сайн нарийвчилж зааж өгөхгүй бол маргаан гарах, буруу ташаа ойлгоход хүрч мэдэх учраас нухацтай хандах шаардлагатай гээд зарим зүйлийг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн зарим заалттай холбогдуулан саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Нөхөн олговроос ямар нэгэн шимтгэл, татвар авахгүй
Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нөхөх олговрын мөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй, 2019 оноос эхэлж улсын төсөвт суулгана.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөх олговроос ямар нэг суутгал, татвар хураамж авахгүй байх зохицуулалттай. Энэ дагуу явна гэлээ.
Мөн тэрбээр хуулийн төсөлд нөхөх олговрын талаар тодорхой тоо тусгагдаагүй байсан учраас өмнө нь олгож байсан нөхөх олговрын жишиг харьцааг харгалзан тодорхой мөнгөн дүн тавих нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн.
Урьд нь хэлмэгчдэд нэг сая болон таван зуун мянган төгрөг, зарим хүмүүст орон сууц, гэр олгож ирсэн байдаг. Энэ удаагийн өөрчлөлтийн нэг онцлог нь орон сууц олгоход чиглэж байгаа учраас хууль санаачлагчдын гаргасан тооцоо үндэслэл, зах зээлийн бодит үнэ ханш, нөхцөл байдалтай уялдуулан улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгохоор тусгах нь зүйтэй гэсэн саналтай байгаа.
Өмнө нь орон сууц авсан хүмүүсийн нэрс, баримт материал тодорхой байгаа. Иймээс хэн нэг нь дахиж орон сууц авна гэсэн ойлголт байхгүй, харин өмнө нь гэр авч байсан бол хамааруулж үзэхгүй гэдгийг тодотгов.
Харин ажлын дэд хэсгийн гишүүн, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл, гомдол гаргах хугацаа дууссан тул гомдол, мэдээлэл хүлээж авах ажиллагаа явагдахгүй байгаа.
3000 орчим хэргийг шийдвэрлэх шаардлага үүсэх магадлалтай
Одоогоор шалгагдаж байгаа 1,030 хэрэг, баримт мэдээлэл нь олдохгүй байгаа шалтгаанаар түр зогсосон 120 хэрэг, мөн зарим аймагт шалгагдаж байгаа хэрэг материалууд гээд нийтдээ 3,000 орчим хэргийг шийдвэрлэх шаардлага үүсэх магадалтай байгаа гэлээ.
Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар өргөдөл гомдол гаргагч нь нэхэмжлэлийн бүрдлийг хангаж байх үедээ нас барсан тохиолдолд нөхөх олговор авах эрх нь түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжих хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа гэдгийг тодотгосон юм.
Ингээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөх олговрыг дор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёолуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
2 comments
ali tertee ongorson humuusiin yii ondolzuul bigaa ene helmegdegsed gej yrij bigaa uls odooene shougaa blij uz
odoo ali ert bolood ungursun humuuseer snou hiidgee boli eh oronch setgel bdag bol ter olgoh geed bga mungu tugruguu heregtei zuild zartsuul ydahdaa utaanaasaa salahdaa esvel ydarsan ediin zasagaa sergeehed zoriulaachee unen hudalna medegdehgui bich ternii ter bich huuhedn hamaatan yrisan adgiin zangaasaa salaachee