Ард иргэддээ аюулгүй, чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн хэрэглүүлэхийн төлөө хяналт шалгалт хийх үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын байгууллага энэхүү үүргээ умартсан бололтой. Уг нь хаана л чанаргүй бараа, хэрэглэгчийг хохироосон үйлдэл байна тэнд энэ байгууллага очиж асудлыг шийдэн, ард иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, нэр төртэй хүргэж байсан цаг саяхан. Гэтэл одоо хүн бүр энэ байгууллагад ам муутай байх болж.
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдыг дарамталдаг, мөнгө нэхдэг байдал нь цагаандаа гарсан талаар хүн бүр л ярьдаг. Энэ байдал нь даамжирсаар бүр хэрээс хэтэрч, зарим нэг нэр бүхий дарга нар нь хахууль авч байгаад газар дээрээ баригдсан талаар АТГ-аас мэдээлсэн билээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр нэгэн амралтын газарт уулзалт зохион байгуулсан байна. Үүний дагуу гэнэтийн шалгалт хийж, бусдаас их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ. Тэнд байсан төрийн алба хаагчдаас нийтдээ 30 гаруй сая төгрөг хураан авсан байна. Дээрх мөнгөнд юань, ам.доллар зэрэг багтсан байж.
Ингээд АТГ-аас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчдыг тус бүрт нь гэр рүү нь авч яван үзлэг, нэгжлэг хийсэн байна. Ийнхүү нэгжлэг хийхэд хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын гэрээс 460 сая гаруй төгрөг илэрсэн байна. Тэд ямар нэгэн хувийн бизнес хийдэггүй. Энд тэндээс орлого орж ирдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй мөртлөө 200 гаруй сая төгрөг тус бүртээ хадгалж байсан аж. Их хэмжээний мөнгө хаанаас авсан, ямар замаар ийм мөнгөтэй болсон талаар хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нартаа тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Тиймээс АТГ-аас Б.Аззаяа болон Т.Баярсайхан нарын хариуцан шалгаж байсан салбар, гаргаж байсан тушаал шийдвэр харилцагч компаниудын талаарх мэдээлэл, хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний баримт зэргийг бүгдийг нь хуулбарлан авч шалгалтын ажиллагаандаа ашиглаж буй юм байна.
Үүнээс гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнгөрсөн сарын 17-нд хэлэлцүүлсэн.
Энэ үеэр дараах зөрчлүүд илэрсэн байна.
- МХЕГ-ын дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигдсон
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээг байцаагчидтайгаа байгуулсан байжээ. Улмаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх нөхцөл байдалд оруулсан байна. Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой байцаагчид эсрэгээрээ хяналт шалгалт, торгуулийн аргыг түлхүү хэрэглэж, мөнгө олж төлөвлөгөөгөө биелүүлдэг зөрчил илэрсэн юм. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэсэн.
- Түүнчлэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилдог ч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ авдаггүйг нь АТГ-аас тогтоосон.
Энэ мэт олон асуудал нь намжаагүй, хоёр сар ч хүрээгүй байхад тус газрын байцаагчид ийн ажлын байрандаа авлига авч, тэр ч бүү хэл хэдэн зуун саяар нь гэртээ мөнгө нуусан байгаад баригдав. Улсын нэрийг барин, эрх мэдэл, ажил үүргээ урвуулан ашигласан эдгээр албан тушаалтнуудад зохих хариуцлагыг нь тооцох нь зүй ёсны хэрэг байх. Гэхдээ энэ мэт зөрчил салбар бүрт байгаа бөгөөд төрийн албыг эхнээс нь эхлэн ташраар нь шалгах цаг болсон гэдгийн илрэл буй.
Эх сурвалж: times.mn
4 comments
Turiin alban haagchid yaduu gej uruvduuled turiivch duuren mungu barisan avgai nar ni delguurt une harahgui unetei baraagar sagsaa duurgeed unetei shuba mashinar uraldaad ter huvtsas gert bga tansaglal ni hurungu orlogin meduulegt orohgui davarsan yumnuud. Biznesmen gej dampuuran zovj udur shunugui hudulmurluj olson mungiig iluu uzej baychuud gej sorno.sorson hodood ni hagarch bna ashgui
төрийн хулгайч нар, энэ дээ
tatan buulga ogt hereggui zugeer l ardiin namiinhnii mungu oloh zorilgoor baiguulsan gazar
АТГ-ынхан Төрийн ордноос АВЛИГАЧИДАА хэзээ барих вэ хэдэн жижиг мөнгөн дээр ажлаад Газрын наймаачин МвЭнхболд Бадамжунай гэсэн мафийн г хэзээ зад цохих вэ