Чөлөөт бөхийн “Интернациональ” олон улсын тэмцээний хошой аварга, ОУХМ, аймгийн хурц арслан, нэрт дасгалжуулагч Ч.Буян агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн энэ сарын 18-19-нд Архангай аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо.
Тэмцээнд хот, хөдөөгийн 18 байгууллагын 300 гаруй тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн 35, 42, 46, 50, охидын 35, 40, 45, 50, 55, 60, залуучуудын 55, 60, 66, 74, 84 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөв. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль хоёр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрыг эзэлсэн юм.