АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд тус улсын экс Ерөнхийлөгчдийн тэтгэмжийн хэмжээг жилд 200 мянган ам.доллар болгож хязгаарлах хуулийн төслийг хүлээн авлаа. Санал хураалт хялбаршуулсан байдлаар хийгдсэн байна. Ингээд үг хэлсэн бараг бүх гишүүн хуучин Ерөнхийлөгчдөө лекц унших, дурсамж номоо хэдэн сая ам.доллараар хэвлүүлж мөнгө олдог учир төрөөс санхүүгийн тусламж дэмжлэг хэрэг болдоггүй хэмээн тэмдэглэжээ.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг Бүгд найрамдах намын гишүүн Жоди Хайсын хэлснээр “Өдгөө татвар төлөгчдийн мөнгийг 1985 онд гаргасан хуулийн дагуу хуучин Ерөнхийлөгчдөө дэмжих гэж зарцуулах хэрэггүй” гэжээ.
Өнгөрсөн аравдугаар сард иймэрхүү хуулийн төслийг сенатын үндэсний аюулгүй байдлын хорооноос сайшаасан билээ. Энэхүү хуулийн төслийг сенатч Жони Эрнст ийнхүү тайлбарласан байна. “Улсын өрийн хэмжээ 20 их наяд ам.долларыг даваад буй энэ үед бидний санал болгож буй арга хэмжээ нь төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулахыг зогсооход уриалсан бас нэг чухал алхам юм” гэжээ.
Хайсын туслахуудын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон 2017 оны санхүүгийн жилд өдгөө амьд сэрүүн байгаа таван экс Ерөнхийлөгчид улсаас 2.84 сая ам.доллар зарцуулжээ. Хуулийн төсөлд түүнчлэн хуучин Ерөнхийлөгчийн албан байр түрээслэхэд болон туслахуудынх нь цалин хөлсөнд зарцуулах мөнгийг жилд 500 мянган ам.доллар хүртэл бууруулах боломжийг авч үзсэн байна. Зургаан жилийн дараа энэ мөнгөн дүн автоматаар 350 мянган ам.доллар, дөрвөн жилийн дараа 250 мянган ам.доллар болгоно гэжээ.
Одоогийн байдлаар өмнөх Ерөнхийлөгчдөд зарцуулдаг мөнгө хоорондоо эрс ялгаатай байна. Тухайлбал, Жимми Картер 2016 онд 230 мянган ам.доллар авсан бол том Жорж Буш 600 мянга гаруй ам.доллар, Билл Клинтон 700 мянга гаруй ам.доллар, жижиг Жорж Буш 800 мянган ам.доллар авчээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордныг орхисон Барак Обамагийн хувьд Вашингтонд албан байр хөлсөлсөн. Энэхүү байрны жилийн төлбөр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн 2018 оны санхүүгийн жилд 536 мянган ам.доллар болох төлөвтэй байна.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчдийн нэмэлт орлого жилд 400 мянган ам.доллараар давсан нөхцөлд тэтгэмжийг нь автоматаар бууруулах санал ч гарчээ. Тухайлбал, том Буш арга хэмжээнд оролцсоныхоо төлөө 100 мянга хүртэлх ам.доллар авдаг бол Клинтон дунджаар 210 мянгыг авдаг. Клинтоны хувьд Хятадад зургаан газар илтгэл тавиад 1.2 сая, Орост нэг лекц уншаад 125 мянган ам.доллар авч байсан билээ.
Насан туршийн хамгаалалт
Хуулийн төсөлд оруулсан эдгээр мөнгөн дүнд хуучин Ерөнхийлөгчид болон тэдний гэргий нарыг насан туршдаа хамгаалахад гаргах зардал багтаагүй. Гэхдээ Цагаан ордны өмнөх тэргүүнүүдийг хамгаалах үйлчилгээнд төсвөөс хэдий хэмжээний зардал гардгийг АНУ-ын Нууц албанаас үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбон мэдээлдэггүй. Гэхдээ хараат бус шинжээчдийн таамаглалаар бол ийм зардал жилд нийтдээ 30 сая ам.доллар болдог гэнэ.
2016 онд Конгрессээс ийм хуулийн төслийг дэмжсэн. Гэвч тухайн үед Цагаан ордны тэргүүн байсан Обама хориг тавьсан юм. Тэрбээр ирээдүйд ямар нэгэн нөхцөл байдал үүсч болзошгүй, экс Ерөнхийлөгчид санхүүгээ хэмнэж байна гээд туслахуудаа халах, эсвэл илүү хямд ажлын байр хайж болзошгүй гэж үзжээ.
Хэрвээ одоогийн хуулийн төслийг Конгресс ямар нэгэн шалтгаанаар хүлээн авахгүй, эсвэл Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трамп гарын үсэг зурахаас татгалзвал 2018 оны санхүүгийн жилд зөвхөн Обамад л 1.15 сая ам.долларыг төсвөөс зарцуулах юм. Харин жижиг Бушид түүнээс 100 мянгаар бага мөнгө төлөх бол Клинтонд татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 мянга, том Бушид 942 мянга, Картерт 456 мянган ам.долларыг тус тус зарцуулах юм.