АТГ-ын албан хаагчид хөдөө орон нутагт ажиллаж эхэлжээ. Энэ талаар тодруулж, тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцав.
-АТГ-ын албан хаагчид ямар аймгуудад ажиллаж байна вэ? Тэд орон нутагт юу хийх вэ?
-АТГ-ын албан хаагчид 11 дүгээр сарын 24-нийг дуустал хугацаанд бүх аймаг, зарим сумдад ажиллана. Маш товчхондоо орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой ажиллаж байна. АТГ өнгөрсөн хавар яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2015, 2016, 2017 оны эхний улирлын үйл ажиллагаатай танилцаж, тайлан дүгнэлтээ саяхан хэлэлцүүлж дууссан. АТГ төрийн байгууллагуудад ажиллахдаа хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа зэрэг үйл ажиллагаатай танилцаж, судлан, санал дүгнэлт гаргаж байгаа. Энэ бүх асуудлыг орон нутагт ч мөн хэрэгжүүлнэ. Түүнээс гадна “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдийг сонгож, ажилд нь оруулна.
-Хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж гэхээр яг юуг шалгах вэ, тодруулж болох уу?
-Хүний нөөцийн бодлогын хэрэгжилт гэхэд л боловсон хүчний томилгоог яаж хийсэн бэ, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхдээ хэчнээн хүнийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн бэ, тэдгээрээс хэдийг ажилд нь эгүүлэн томилсон бэ, үүнээс үүсэх эдийн засгийн үр дагавар нь ямар байв, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөнөөс хэдий хэмжээний нөхөн төлбөр төсвөөс төлөгдсөн бэ, байгууллагын албан хаагчид давхар ажил эрхэлдэг үү, ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ гэх мэт асуудлыг нарийвчлан үзэж танилцана. Бас төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалтай танилцахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа хууль тогтоомж, дүрэм журам юу байна, цахим үйлчилгээ үзүүлдэг үү, тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих үйл ажиллагаа нь ямар шатанд байна вэ, үндэслэлгүй төлбөр хураамж, хандив, тусламж авдаг уу зэрэг асуудлыг хянан үзэх гэх мэтээр нарийвчлан задалж авч үзэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
-Шалган туслах гэхээр ямар ажил юм бэ? Хяналт шалгалтын ажил биш юм уу?
-Шалган туслах гэдэг нь илэрсэн зарим алдаа, зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж, дахин давтан гаргуулахгүй байх үүднээс заавар зөвлөгөө өгч ажиллана гэсэн үг. Шууд утгаараа хяналт шалгалтын ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Гэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, авлигын нөхцөл байдал, эрсдлийг тодорхойлж, авлига үүсэх нөхцөл шалтгааныг арилгах нь бидний ажлын гол зорилго.
-Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь оруулна гэдгээ тодруулаач?
-УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” ажиллахаар тусгасан. Энэ дагуу аймаг бүрт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүний сонгон шалгаруулалтыг АТГ өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан юм. Одоо тэдгээр шалгарсан иргэдтэй гэрээ байгуулж, орон нутгийнхаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих ажлыг эхлүүлнэ.
-АТГ-ын албан хаагчид орон нутагт очиж ажилласны үр дүн хэзээ хэрхэн гардаг вэ?
-АТГ орон нутагт салбаргүй байгууллага. Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулдаг. Орон нутгийн иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл нэлээд ирүүлдэг. Энэ хүрээнд АТГ-ын албан хаагчид тухайн аймаг, суманд томилолтоор очиж ажиллаж, үүрэг гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй хийгдсээр байгаа. АТГ-ын ажлын үр дүнг зөвхөн орон нутагт гэлгүй улсын хэмжээнд нийт төрийн байгууллагад очиж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан ажиллаж байгаагаар дүгнэх боломжтой. Энэ 11 дүгээр сараас эхлэн аймаг бүрт 3 гишүүнтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд байгуулагдаж байгаа Олон нийтийн дэд зөвлөл ажиллана. Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэд хянаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын үр дүн өмнөхөөс илүү сайжирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Эх сурвалж: С.СОСОРЖАВ
EAGLE
1 comment
АТГ АЖИЛТАНГУУДАА ТҮР ТОМИЛОЛТООР БОГИНО ХУГАЦААГААР АЖИЛЛУУЛАХГҮЙ БОЛ ТАНИЛ ТАЛЫН ХАРИЛЦААНД ОРОХ МАГАДЛАЛТАЙ,БАЙНГА СОЛИХ ХЭРЭГТЭЙ. ОРОН ТОО ТӨСӨВ МӨНГИЙГ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ НЬ САЙЖРУУЛАХ НЬ ЗӨВ, ХАРИН ХАРИУЦЛАН ХУУЛИЙГ НЬ МАШ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ.