Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Онцгой байдлын байгууллагад олгосон гал унтраах тусгай зориулалтын автомашинуудад зайлшгүй шаардлагатай зарим сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мицуми нар өнгөрсөн онд гарын үсэг зурсан.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Гал түймэр унтраах, аврах ангиудад ашиглагдаж байгаа автомашинуудад шаардлагатай 130 орчим нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг маргааш Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгөх юм.
Нийт 45 орчим сая иен буюу тэрбум орчим төгрөгийн өртөгтэй эдгээр техник хэрэгслийг нийлүүлснээр Онцгой байдлын байгууллагын бэлэн байдал тодорхой түвшинд дээшлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.