Австрид явагдсан парламентын сонгуулийн саналын тооллогын урьдчилсан дүнгээр 31 настай Себастиан Курцын тэргүүлдэг, консерватив үзэлт “Ардын нам” тэргүүлж байна. Хэрвээ Ардын нам албан ёсоор ялалт байгуулбал дэлхийн хамгийн залуу удирдагч гарч ирэх юм. Сонгуулиас өмнө ч Курц Европтоо хамгийн залуу Гадаад хэргийн сайд байлаа. Тэрбээр энэ албан тушаалд 27 насандаа томилогдсон юм.
Хамгийн сүүлчийн санал тооллогоор Ардын нам 31 орчим хувийн саналыг авчээ. Хоёрдугаарт хэт барууны “Эрх чөлөөний нам”, Социал демократ нам бичигдэж байна. Хоёр нам тус бүр нийт саналын 1/3 хүрэхгүй хувийг авчээ. Сонгуулиас өмнө социал демократууд эрх баригч эвслийг тэргүүлж байлаа.
Ингээд Курцын нам үнэмлэхүй олонхийн саналыг аваагүй учраас эвслийн Засгийн газрыг цагаачлалыг эсэргүүдэг “Эрх чөлөөний нам”-тай бүрдүүлэх шаардлага гараад байна. Учир нь энэ удаагийн парламентын сонгуулийн өмнөх мэтгэлцээнээр цагаачлалын асуудал зонхилох байр суурийг эзэлж байсан бөгөөд “Эрх чөлөөний нам” Засгийн газарт дахин багтах боломж бий болсон юм.
Ерөнхийдөө Төв Европын ихэнх оронд 2015 онд цагаачдын урсгал асар их орж ирсэн. Үүний үр дүнд хөрш Германд л гэхэд хэт барууны “Германы альтернатив” нам бундестагт орж ирж чадсан билээ. Сонгуулийн эцсийн үр дүн энэ байдлаар гарвал Австрийн улс төрд томоохон өөрчлөлт бий болно гэж Вена хот дахь ВВС-гийн сурвалжлагч Бетани Белл мэдэгдэж байна.
Тус улсыг 10 гаруй жил социал демократууд болон Ардын намын эвсэл удирдаж байжээ. Харин Себастиан Курц “Ардын нам”-ыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн удирдаж байгаа бөгөөд намынхаа дотоод дүрмийг эрс өөрчилж, сонгуульд социал демократуудтай эрх баригч эвсэлд орж ажиллахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Хэт барууны “Эрх чөлөөний нам” Курцыг өөрсдийнх нь мөрийн хөтөлбөрийг хуулсан гэж буруутгаж, өөрийгөө өргөмжилсөн нэгэн гэж мэдэгдэж байгаа аж. Уламжлал ёсоор сонгуульд аль илүү санал авсан нь Засгийн газрыг бүрдүүлдэг дүрэмтэй. Австри улс 1980-аад оноос л эвслийн Засгийн газартай ажиллаж байгаа юм.