Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот болон ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүчингүй болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан аж.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх