Монгол Улсад 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан Буддын шашны сүм, хийдийн байршлыг тэмдэглэсэн “Монгол дахь буддын сүм хийд, туурь” газрын зургийг өчигдөр (2017.10.07) Философийн хүрээлэн Монгол уламжлал академи, Гандантэгчинлин хийдийн лам нар олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын 21 аймаг, 339 сум, хил хязгаар бүхий газрын зурагт сүм хийдийн тархац байршлийг тогтоож, эвдэрч эзгүйрсэн хийдийн туурь, дахин сэргээсэн болон шинээр байгуулсан сүм хийдийн байршил зэргийг тус тусын ялгах тэмдэгээр тэмдэглэжээ. Газрын зургийн хэмжээ 1:2500000-ны масштаб, 1:1800000-ны масштаб бүхий хоёр төрлөөр хэвлэгдсэн байна.
Газрын зургийг бүтээх судалгааны ажлыг хийж дуусгахад 4-5 жилийн хугацаа шаардагджээ. Энэ бүтээлийн агуулга, цар хүрээ нь урьд өмнө хийгдсэн ижил төстэй газрын зургаас баримт нотолгоо ихтэй, мэдээллийн багтаамж сайтай, олон эх сурвалж, судалгааны материалуудыг харьцуулан, нягталсан эрдэм шинжилгээний ажил болсон гэж Монгол уламжлал академийн тэргүүн, доктор Л.Дашням хэлэв. Энэхүү газрын зурагт 1480 цэг тэмдэглэгджээ. 1990 оноос хойш нийслэл болон 21 аймгийн 300 гаруй суманд 266 шинээр байгуулагдсан болон сэргээгдсэн хийд байгаа юм байна. Мөн эвдэрч эзгүйрсэн 1035 хийдийн туурь бүртгэгджээ. Үүнээс гадна сүм хийдийн нэр тодорхойгүй 139 туурь байгаа аж.
Газрын зургийн эхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ QG1S программ дээр бэлтгэжээ. Харин газрын зурагт сүм хийд болон, туурийг ихэвчлэн газар усны нэрээр тэмдэглэсэн байна. Энэ нь тухайн газар усны нэрийг орон нутгийн иргэд нь мартахгүй байх, мартагдсан газар усны нэрийг сэргээн хэрэглэх, хойч үедээ уламжлуулан үлдээх танин мэдэхүйн ач холбогдолтой. Уул уурхайн олборлолт ихэсч, эмх замбараагүй газар олголт хавтгайрсан өнөө цагт нүүдлийн мал аж ахуйн бэлчээр хийгээд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, онгон дагшинаар нь өвлүүлэн уламжлахад ч чухал ач холбогдолтой. Мөн нутаг усныхаа түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, нөхөн сэргээх, холбогдох түүхийг сэргээн тодруулах зэрэгт өндөр хувь нэмэр оруулах юм гэж газрын зургийг гаргасан бүтээлчид ярьж байна.