Мьянмарын засаг захиргаа гадаадын дипломатчдыг баруун Ракхайн мужид ирж, энэ нутгаас хөрш Бангладеш рүү яагаад олноороо дүрвэх болсон шалтгааныг хамтдаа тодруулахыг урьжээ.
Энэ тухай мягмар гарагт Нейпьидо хотод тус улсын Төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чжи мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газар нөхцөл байдлыг хэвийн болгохоор ажиллаж байна” хэмээн хэлсэн байна. Ракхайн мужид өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр үймээн дэгдэж, 414 хүн амь үрэгдсэн бөгөөд лалын шашинт рохинжа омгийн 400 мянга гаруй хүн Бангладеш руу дүрвэхээс өөр аргагүй болсон билээ. Аун Сан Су Чжи энэ сарын 5-наас хойш тус бүс нутагт ямар ч мөргөлдөөн гараагүй гэжээ.