Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцаас хойшхи 258 метр туслах замын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Уг ажиллагаанд УИХ-ын Ж.Ганбаатар, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга н.Цэрэнсодном, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг нар оролцсон юм.
Тус зам нь 258 метр урт бөгөөд хоёр зорчих хэсэг бүхий 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 2.25 метр явган хүний замтай, борооны ус зайлуулах шугамтай хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Уг замын захиалагч нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллах бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөх юм.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь энэ сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812 метр зам талбайн иж бүрэн тохижилтын ажлыг хүлээлгэн өгсөн.